У.Мөнх-Эрдэнэ: Алтан медальтай очих болно
Боксчин У.Мөнх-Эрдэнээрээ монголчууд бид бахархаж байна. Түүнийг анх Казахстаны Алма Аты хотноо болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө оролцуулна, оролцуулахгүй гэсэн хар, цагаан хэл ам Боксын холбооныхныг хоёр талцуулж байсан. Гэвч манай хүн Туркменстаны Азаиз Бебитов, Узбекстаны Санжарбек Рахманов нарыг төвөггүй ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Ийнхүү У.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хос медальтан болов.
Өчигдөр орой түүний хүрлийн төлөөх тулааныг үзэж суухад үнэхээр дотор нэг зүйл огшиж, үзүүлээд өгөөч хэмээн өөрийн эрхгүй өндөлзөж байснаа өгүүлэх юун. Угаасаа өрсөлдөгчөөсөө илүү байна билээ, илүү ч юм чинь.
Түүнийг Монголын Боксын холбооны удирдлагын зарим хүн дэндүү басч байсан. Жиндээ дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн түүнийг 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ОУХМ З.Энхзоригтой сорилд оруулж, хэн нь ДАШТ-д явахыг шийднэ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг шуугиан тарьсан.
Харин дэлхийд данстай У.Мөнх-Эрдэнэ өөртөө үнэхээр итгэлтэй байсан. Тиймдээ ч өөрт нь итгэхгүй байгаа удирдлагууддаа гомдож, ард түмэндээ хүртэл хандаж байсан ч Боксын холбооны зарим нэгэнтэй яаж ч тэмцэлдээд тусыг эс олсон ч дэлхийн дэвжээн дээр үнэхээр яруу тод баталсан билээ.
Тэр сорилд нь ч орсон, угаасаа илүү гэдгээ ч харуулсан. Үүгээрээ ОУХМ З.Энхзоригийг үгүйсгэх гэсэнгүй. Зүгээр л явах тэмцээндээ явах ёстой хүн нь явсан юм гэдгийг хэлэхийг хүсэв. Үнэхээр “дэлхийн хүн” гэдгээ ч харуулж байна. Тэр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Монголын ард түмэндээ баярлалаа, мөнгөн медалийн төлөө хичээж тулалдах болно” гэжээ.
Түүнийг медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт итгэлтэй байна. Тэр маргааш мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийнэ. Түүний ялалтын төлөө залбираарай манайхаан. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олон жилийн турш жиндээ тогтмол амжилт гаргаж, олон удаа төрийнхөө далбааг мандуулсан тамирчин. Түүнийг монголчуудаар тогтохгүй дэлхийн шилдгүүд хүндэлдэг юм шүү.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ