Гардан тулаанаар өрсөлдөв
Цагдаагийн ерөнхий газрын Биеийн тамир, спортын “Хүч” хороог цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд албаны бэлэн байдлыг хангуулах, бие бялдрын бэлтгэлжилт, сэтгэл зүйг хөгжүүлэх, зэвсэг техник, тусгай хэрэгсэл хэрэглэх мэдлэг, чадварын түвшинг дээшлүүлэх, сургалт, судалгааны ажлыг системтэй зохион байгуулах зорилгоор татан буулгаж Албаны спорт, сургалтын “Хүч нийгэмлэг” төвийг бие даасан нэгж болгон өөрчлөн зохион байгуулсан билээ.
2012-2013 оны албаны сургалтын хичээлийн жилийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд бокс, ширээний теннис, жүдо, хүчний гурван төрөлт, волейбол, чөлөөт бөх, сагсан бөмбөг, самбо, гардан тулаан, байлдааны самбо, хүндийн өргөлт, буудлага, хөнгөн атлетик, хөлбөмбөг, шатар зэрэг спортын 15 төрлийн уралдаан тэмцээнийг амжилттай зохион явуулж дуусчээ.
Уг уралдаан, тэмцээнд байгууллага, хамт олноо идэвхитэй оролцуулж байгууллагаараа эхний гурван байранд орсон Дотоодын цэргийн 05 дугаар анги, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газрыг автомашин, өргөмжлөлөөр шагнасан байна.
2013-2014 албаны сургалтын хичээлийн жилд цагдаагийн байгууллагаас нийт алба хаагчдынхаа бие бялдыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор биеийн тамир, спортын арга хэмжээг зохиох, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний дунд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, Улаанбаатар цагдаагийн хүрээг бүсчлэн хуваах, тэдгээрийн дунд спортын 17 төрлөөр зохион байгуулах тэмцээн уралдаан, спортын арга хэмжээ, сургалтын төлөвлөгөөг боловсруулан төлөвлөсөн. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Албаны спорт, сургалтын “Хүч нийгэмлэг” төв, Хүчний байгууллагуудын гардан тулааны холбоотой хамтран “Азийн нээлттэй цом” гардан тулааны тэмцээнийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулжээ.
Тэмцээнд Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар анги, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай анги, "Шандас дожо" клубын 60-85 кг-ийн нийт долоон жинд 90 гаруй тамирчид өрсөлдөж байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, хоёрдугаар байрыг Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай анги, гуравдугаар байрыг Нийгмийн хэв журам хамгаалах газар тус тус эзэлсэн байна. Мөн Нийгмийн хэв журам хамгаалах газрын тамирчин Б.Ууганбаатар нь "Эр зоригтой тамирчин"-аар шалгарсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ