Эрүүл мэндийн сайд Н.Удвал үндэсний эв, эеийн төлөө нэгдэхийг уриаллаа

"Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо"-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгтэйчүүд байдаг байна.

Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал хэлэхдээ, “Гадаадын улс орнуудад боловсролтой чадварлаг эмэгтэйчүүд олон байна. Манай холбооны зорилго бол тэдгээр эмэгтэйчүүдээ нэгтгэж, бие биенийгээ дэмжих, охид, эмэгтэйчүүд ялангуяа өсвөр насны охидын эрүүл мэндийг анхаарахыг зорьж байна. Бид уул уурхайгаас орж ирсэн орлогоноос эрүүл мэндийн салбарт тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулж байгаасай гэж хүсдэг. Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хүргэхийг хичээж байгаа” гэлээ.

Мөн тус холбооны зүгээс жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг эв, эеийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсноо Эрүүл мэндийн сайдад уламжилсан юм. Дэлхий нийтээрээ энэ өдрийг “Хүчирхийллийн эсрэг өдөр” хэмээн өргөн тэмдэглэдэг ажээ. Тэгвэл монгол эмэгтэйчүүд есдүгээр сарын 21-ний өдрийг өсвөр насны охидын эрүүл мэнд, гэр бүлийн асуудал, үндэсний эв нэгдлийн талаар анхаарахад чиглүүлэхээр санал нэгдсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдыг оролцохыг урьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ