А.Ундрах: Ч.Гансүхийг эрүүдэн шүүж байна гэх дүгнэлт гарсан
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт буруутган ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Найман сарын турш шалгагдаж буй уг хэрэг шүүхээр орсон ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцсан юм. Харин өнөөдөр түүний өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэднээс зарим зүйлийг тодрууллаа.
-Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүхийг нэг ч төгрөг идээгүй гэлээ. Үүнийг та бүхэн яаж батлах вэ?
-Сонин хэвлэлээр Ч.Гансүхийг улсын төсвөөс 17 тэрбум, таван тэрбум идсэн. Мөн нууц амраг буюу хамт ажилладаг эмэгтэйгийнхээ дансаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Гэвч энэ бүх мэдээлэл ташаа мэдээлэл байсан гэдгийг албан ёсоор хэлж байна. Мөрдөн байцаалтын явцад нэг нь ч тогтоогдоогүй. Мэдээж бид баримтгүй ярихгүй. Гэхдээ нотлох баримтыг шүүх хурлын үеэр улсын яллагчтай мэтгэлзэх үеэр дэлгэх болно.
-Та бүхэн хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан уу?
-17 хавтаст хэрэг байгаа. Үүнээс гуравтай нь танилцаад байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа бүрэн танилцана. Гэхдээ Ч.Гансүхийг байцаалт өгөх үед бид байлцаж байгаа. Өөрийг нь буруугүй талаас нотлох баримт цуглуулж байна.
-17 тэрбум төгрөг завшсаныг АТГ-аас нотолсон шүү дээ?
-Яг энэ асуудлаар бид АТГ-т хандсан. Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх гэдэг хүни 17 тэрбум төгрөгийг ямар нэг байдлаар өөрийнхөө болон хүүхдийнхээ дансанд хийсэн нь тогтоогдоогүй. Мөн бусдын дансанд таван тэрбум төгрөг байршуулсан нь ч тогтоогдоогүй. Түүнчлэн бусдаас их хэмжээний авлигал авсан гэсэн зүйл анхнаасаа яригдсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бусдаас нэг ч төгрөгний авлига авсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Шүүх эцэслэн шийдээгүй байхад АТГ-аас тийм мэдээлэл хийсэн нь өөрөө ёс зүйгүй юм.
-Биеийн байдал нь тааруу байгаа гэсэн. Батлан даалтад гаргах хүсэлтийг нь хүлээн авахгүй байна уу?
- Ч.Гансүх өдгөө 56 настай. Хоригдоод найман сар болж байна. Энэ хүний эрүүл мэндийн тухайд сахарын өвчнөөр хоёрдугаар үед орсон. Мөн даралт ихсэх, артерийн өвчний хоёрдугаар үед орсон төдийгүй бие нь хатгиших хэлбэрт орсон байгаа. Бид мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхэд энэ хүний таслан сэргийлэх ажиллагааг өөрчилж батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг сар бүр тавьж байгаа.Гэвч хүлээн аваагүй.
-Дөрвөн ч хорих анги дамжуулсан гэсэн. Энэ бүхэнд та бүхэн гомдол гаргасан уу?
-Гаргасан. Анх Төв аймгийн цагдан хорих төвд, дараа нь Дархан-Уул аймгийн цагдан хорих төвд, Үүнээс Зүүнхараа хотын цагдан хорих төврүү шилжүүлж саяхан энэ хэргийг авсан шүүгч Улаанбаатар хотын 461 дүгээр ангид шилжүүлсэн. Тиймээс бид ХЭҮК-т хандсан. Учир энэ хүнийг дөрвөн газар шилжүүлэн цагдан хорьсон нь хүний эрхийг зөрчиж байна уу гэсэн санал асуулга явуулсан. Тэгээд ХЭҮК-оос бидэнд дүгнэлт гаргаж өгсөн.Тодруулбал, олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүнийг цагдан хорихдоо оршин суугаа хаягт нь хамгийн ойрхон газар хорих ёстой гэсэн олон улсын жишиг байдаг. Гэтэл энэ хүнийг дөрвөн газар шилжүүлсэн нь энэ өөрөө хүнийг эрүүдэн шүүх нэг хэлбэр мөнгэдэг дүгнэлт.
-Ч.Гансүхийн хэрэгт дахин нэг хүүг нь шалгаж байгаа гэх мэдээлэл байна?
-Хоёрхүүд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэг хүүхдийг нь энэ оны нэгдүгээр сарын 25-нд сэжигтнээр татаж 14 хоног цагдан хориод гаргасан бол хоёр дахь хүүг нь гадуур шалгаж байна. Одоогоор гурав, дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ