Хан-Уулын МоАХ-чууд шинэчлэлийг эхлэв
Ардчилсан хувьсгалыг Монголд авчирсан МоАХ ахмад, залуу, шинэ үеийн холбоогоо гагнах гэж чармайж байна. Юм болгонд ардчиллын анхдагчид хэмээн түүчээ болохыг оролдох нь өнөөгийн цаг үетэй хөл нийлүүлэхэд зарим талаар хоцрогджээ. Харин ардчиллын партизануудаа нийгмийн халамжид гээлгүй хамруулах нь МоАХ-ны нэгэн шинэ үүрэг болж байна.
Нийслэлийн Хан-Уулын дүүргийн МоАХ-ны дарга Д.Батбилэг 2006 оноос хойшхи найман жилд бүх гишүүдийн хурлаа ганц ч удаа хийсэнгүй. Тэр дүүргийн ИТХ-ын дарга, АН-ын даргын сонгуульт ажлыг давхар хашдаг. Төр, намын ажил дээр төрийн бус байгууллагын ажлыг үүрэх нь төвөгтэй ч байж мэдэх юм. Тиймээс МоАХ-ны гишүүд хурлаа хийж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх саналыг удаа дараа тавьсан боловч тэрээр хариу өгөлгүй өдий хүрчээ. Ингээд есдүгээр сарын 7-ны өдөр гишүүдийг төлөөлсөн Түр хороо байгуулан, МоАХ-ны хурлыг товлож, урилга хүргүүлсэн ч Д.Батбилэг дарга ирсэнгүй.
Харин 300 шахам гишүүд хуралдаж, Хан-Уул дүүргийн МоАХ-ны даргын сонгуульт ажлаас Д.Батбилэгийг олонхийн саналаар чөлөөлж, төлөөлөгчдийн 93 хувийн саналаар Р.Дамдинг сонгов. Тус дүүргийн 16 хорооноос нийт 230 төлөөлөгч оролцсон нь энэ хурлыг зайлшгүй хийх цаг болсныг харуулж байна гэж зарим ахмад ярьж байна. МоАХ-ны шинээр сонгогдсон дарга Р.Дамдин:
-Ойрын хугацаанд гишүүдийнхээ бүртгэлийг тодорхой болгож, дүүргийн 16 хороонд МоАХ-ны шинэчлэлийн 10 идэвхтэй ажил санаачлан зохион байгуулна. МоАХ-ны ашгийн төлөө бус, нийгмийн ардчилал, шударга ёсны төлөө язгуур эрх ашгийг олон түмэнд улам илүү ойлгуулна. Төрийн түшээд юмуу төр, захиргааны удирдах албан тушаалтанд үгээ хүргэж чадахгүй бухимдал иргэдийн дунд багагүй хуримтлагджээ. Тэдний санал бодлыг төрд хүргэх болно. МоАХ-ны даргын зөвлөл байгуулж, аливаа асуудлыг олонхийн саналаар ил тод шийдвэрлэхийг хичээнэ. Өөрөөр хэлбэл ахмад, дунд, залуу үеийнхний хэлхээ холбоог сайжруулна гэв.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ