Сурагч Ганбат тусад оров

“Хэцүү ангийнхан” хэлд орж гүйцжээ. Хоёр хоногийн өмнө эрхэм гишүүн Д.Ганбат зурагтаар “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу-д оролцов. Өнгөрсөн жилийн өдий үеийг бодвол нэг анги дэвшиж, Баянхонгор нутагт царцаа царр-цар-цар дуугарч дээгүүр нисэлдэхэд “царцаа гарахыг бодоход намар болжээ. За одоо явдаг цаг ойртож дээ” хэмээн ээлжит бус чуулганы сураг сонсоод хүлээсэн ч тов тодорч өгөхгүй нэгэн сарыг барсан нь ард хоцорчээ. Харин тойргийнх нь сонгогчдын “Сайн явж хүрээрэй. Хүнд шударга явдал чухал байдаг юм. Томоотой байж, төрд сайнаар зүтгээрэй. Бид чамайг ширтэн хүлээнэ” гэсэн үгс эрхгүй санагдана.

Энэ завсар зүг бүрт том гэрэл ноцоод түүний өөдөөс эгц харж болмооргүй болов. Энэ их гэрэл гаргаж, юу хийж байгаа юм бэ гэж асуувал хөтлөгч Э.Дагиймаа, зураг авч байна. Чи дуугүй хөдлөлгүй суу, хэрэв хөдөлбөл зураг чинь муухай гарна шүү гэлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн таван хуулийн төсөл, Чингис бондын хувь заяа, Засгийн газрын үйл ажиллагааны талаарх олон асуултад тэр яг л онц сурлагатан шиг түгдрэлгүй хариулсаар байлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар эдийн засгийн хүндрэл өргөс авсан юм шиг сайжирна гэж байхгүй. Хоёр хөрштэйгээ тохиролцож, зах зээлээ нээх ёстой. Манай Ерөнхий сайд урд хөрштэйгээ очиж уулзах хэрэгтэй, хойд хөрштэйгээ ярьж хэлэлцэх хэрэгтэй байна. Хятад гэдэг хамгийн том зах зээл, манай улстай олон зуун км-ээр хиллэсэн, манай нүүрсийг шингээх чадвар сайтай. Хятадтай нэг цонхны бодлого явуулах ёстой, нүүрсний үнэ, төмөр замаа яаж тавих вэ гэх мэт.

-Бонд бол санхүүгийн нэг хэрэгсэл юм. Өнөөдөр 1,5 тэрбумын бонд гаргажээ. Түүнийг зөв зүйтэй ашиглах ёстой. Энийг хэрэглэхгүй байна ч гэж юу байхав, хэрэгтэй үед нь хэрэгтэй газарт нь хэрэглэх ёстой. Энэ Засгийн газрыг юм болгон дээр толгойг нь илээд байж болохгүй, шахаж шаардаж ажиллуулах ёстой. Тухайлбал, бондын зарцуулалтан дээр. Бондын өрийг хоёр сая 900 мянган хүн бүгдээрээ үүрнэ. Би энэ хоёр сая 900 мянган хүний тодорхой хэсгийн саналыг аваад мандатыг нь өвөртлөөд сууж байгаагийн хувьд бондыг үр ашигтай зарцуулахад хариуцлага муутай хандаж байна гэж хэлмээр байна.

-Бид ажил хийх гэж ирсэн болохоос биш эрхлэх гэж, тансаглах гэж, хүнээр өрөвдүүлэх гэж ирээгүй. Олонхийн бүлгийн дотор ихэнх нь дарга сайдын ажил давхар хийгээд явдаг. Тэр тусмаа тойргоос сонгогдсон гишүүд цөөхөн байдаг. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллана, амралт чөлөө авахгүй, гадаад дотоод явахгүй, хагас бүтэн сайнгүй ажиллана гэсэн л дээ. Мэдээж төмрөөр хийгээгүй болохоор амардаг байх л даа. Би та нарын найр наадам чинь хэтэрлээ, одоо банк манк хэцүү байдалд ороод байхад ажлаа хийгээч ээ гэж хэлдэг хүний нэг байсан. Зах зээлд орсон 20 жилд хамгийн боломжийн Засгийн газар байгуулагдаад жил гаруй боллоо. Зарим нэг юманд итгэл алдарч байна, гэсэн ч энэ хүмүүс маань үг сайн авч байнаа. Ийнхүү ток шоуны асуултуудыг толгой өвдөлгүй давсан нь сурагч Ганбат тусад орсныг харуулав.

Дашдондогийн Ганбат бол 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Киев хотод Цэргийн инженерийн дээд сургууль дүүргэсэн. Бас МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн ангийг төгссөн, инженер, механикч, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Ардын армид салааны даргаас эхлээд Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирал, Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга, “Техник импорт” ХК-ийн ТУЗ-ийн дарга болон ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

2012 оны сонгуульд Х.Баттулга Д.Ганбатыг баруун гараасаа хөтөлж ороогүй бол тэр “Хэцүү ангийнхан”-ы нэг сурагч болох нь юу л байсан бол. Гэхдээ туршлагатай парламентч Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшихэд “Залууст боломж олго, төрийн бүх шатны албан тушаалыг хашиж байна” хэмээн үг хаяж байсан мөртлөө өөрөө Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдсон. Мөн Чингис хааны төрсөн өдрийг 11 дүгээр сард биш, 12 дугаар сард болго хэмээн А.Бакейг казахаар нь дуудаж байсан эрхэм.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ