Чадал хүрвэл Н.Алтанхуягийг огцруулна
Ардчилсан намд агаар салхи оруулахаар жигүүр байгуулагдсан. "Алтан гадас", МоАХ, "Кроун", "Нэг ардчилал", Зүүн хойд Ази, МҮДН, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг бүх фракцийн төлөөлөл багтаад байгаа уг жигүүрийг олон нийтэд зарлана хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл таг чиг. Ямартай ч УИХ-ын гишүүн А.Мурат даргалахаар болж, түүнийг Ц.Сэдваанчиг болон Б.Батбаатар нар дэмжиж байгаа юм. Энэ байдлыг харсан зарим хүн албан тушаалгүй үлдсэн хэдэн нөхөд намаа шахаж "зөөлөн суудал"-д суухаар тэмүүлж байна гэцгээв.
Анхны хуралдаанаар намын дотоод ардчиллыг хөндөж, даргадаа дэс дараалсан шаардлага хүргүүлэхээр болсон. Түүний араас Шинэчиллийн Засгийн газрын үйл ажиллагааг буруутгаж, хариуцлага үүрэх ёстой эздийг хайж эхэлсэн билээ.
Одоо жигүүрээс намын удирдлагадаа хандан хэд хэдэн шаардлага тавихаар зэхэж байгаа аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд АН-ын үйл ажиллагаа царцанги байдалд орсон нь дотооддоо нөхөн сонгууль явуулаагүйтэй холбоотой гэж үзжээ. Тиймээс цаг алдалгүй Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хуралдуулж, орж гарсан гишүүдийнхээ орон зайд нөхөн сонгууль явуулах, намын дүрмийн хороо байгуулах, Их хурлаа зарлан хуралдуулах, дүрмээ шинэчлэх зэрэг асуудал багтаж байгаа аж.
Тэд ийнхүү улс орны шинэчлэл ярьсан намынхаа удирдлагын эсрэг хүчтэй зогсохоор гарч ирлээ. "Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас" гэдгийн адилаар намаа шинэчлээд дараа нь улс орны шинэчлэл ярих ёстой гэж үзсэн байна. Энэ ч зөв.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Жигүүр, фракц манай намд олон байгуулагдаж байв. Дээр үед бүр оволзож байсан. Жигүүр байгуулахыг буруутгахгүй. Учир нь манайх хамгийн ардчилсан нам шүү дээ. Нам дотроо шүүмжлэл хэлж, жигүүр байгуулахыг хүлээн зөвшөөрнө. Бусад олон намд манайх үлгэр жишээ үзүүлж байгаа” гэсэн юм.
Гэсэн атал, Ардчилсан намын удирдлагууд жигүүр дэлгэн нисэх гэж байсан нөхдийг арай тасдаад хаячихсан биш байгаа гэх хардлага ч төрөхөд хүрчээ.
Жигүүрийнхэн, хоёр сайд ажлаа хийж чадаагүйн улмаас энэ өвлөөс чөлөөлнө хэмээсэн. Тэрхүү хоёр сайд нь мэдээж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг. Харин хүч хүрвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ч огцруулах аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ