Ямбий саравчинд юу хийж байна аа

Би хэдэн сарын өмнө шар хадны СЭМҮТ-д хэд хоног хэвтэж, эмчилгээ хийлгэсийн. Ядаргааны тасагт нь шүү харин. Тэнд “Хүлээн авахын” урд байдаг хоёр саравчин дээр дунд ангийн болов уу гэмээр хүүхдүүд их цуглана. Хааяа тэднийг ажиглах их хөгжилтэй. Би эхлээд их гайхдаг байлаа, яагаад заавал энд цугладаг юм бол гэж.Тэгтэл би тэдний цуглаж болох хамгийн боломжийн газар нь энэ юм байна гэдгийг мэдсэн юм. Чааваас даа Монголын хэсэг залуусын хамгийн тохилог сайхан цагаа нөхцөөх газар нь “Шар хадны” хашаан доторх хоёр ширхэг ямбий саравч. Сая мэдээгээр хэлж байна лээ. Улаанбаатар хотод 180.000 өрх гэр хороололд амьдардаг гэж. Нэг айлд гурван хүүхэд байдаг гэж бодвол бараг 540.000 хүүхэд гэр хороололд байдаг болж таарах. Дээр нь бусад аймгууд, мөн хотын захын дүүргүүдын амьдрал үүнээс нээх дээрдээд байх зүйлгүй. Тэгэхээр хичнээн хүүхэд чөлөөт цагаа гэр хорооллын энэ мэт газар цугларан, юу хийж өнгөрөөдөг юм бол мэдэхгүй.

Гэр хорооллын болон хотын төвд орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар, хэлбэр тэс ондоо байна. Ер нь бол манайд хүүхдүүдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үнэ төлбөргүй байтугай хямд төсөр газар нэг ч байхгүй. Нэг ч байхгүй гэхээр бас зарим нэг нь эгдүүцэж магадгүй л байх. Кино театрууд, элдэв тоглоомын төвүүд, өөр юу байдаг юм ямар ч байсан дунджаас дээгүүр амьдралтай хүмүүсийн хүүхдүүдэд зориулсан хэдэн цөөхөн газар байдаг л байх. Тэр газрууд чинь гэр хорооллын ядуу тарчиг нэгний хүүхдэд хүртэхгүй, хүртэе ч гэсэн тэдний чадал нь хүрэхгүй байна хүн ард аа. Баян айлын хүүхдүүд яахав дээ. Юу байна мөнгө л байна. Жинхэнэ нөгөө чөлөөт цагаа өнгөрөөж болох бүхий л сайхан боломжит газруудыг мэднэ, бүр байнга үйлчлүүлнэ. Амьдралаас тасарчихсан зарим нь гэр хорооллын гудамжаар алхсанаа гайхуулж, хааяа ч гэсэн ийм газраар алхах хэрэгтэй юм байна, Монголд бас ийм газар байдаг байсныг саяхан л мэдлээ, энд амьдардаг хүмүүс өрөвдөлтэй юм ухааны юм фэйсбүүк дээрээ бичсэн байсныг олж уншив. Монголын хүүхдүүдийн амьдралын зааг ялгаа ийм л байна. ”Монголоор дүүрэн жип унасан хүмүүс, Манайхан чинь аймар баян юм байна лээ ш дээ” .... энэ яриа чинь зөвхөн нийгмийн өчүүхэн нэг жижиг хэсгийн тухай л яриа шүү дээ.

Мэдээж ядуусын өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй л дээ. Гэхдээ л энд эрс ялгаа байгааг бичмээр санагдсан юм.

Монгол ч баяндаа баян, ядуудаа ч тоймгүй ядуу юм даа. Баячуудын нь амьдрал гэж толгой эргэм тансаглалд умбаж байхад, ядуус нь өмсөх хувцас, идэх хоолгүй, зарим нь бүр орох орон ч үгүй гуйланчлалд нэрвэгдсэн байх. Баячууд нь хэдэн саяар хаус бариулаад л, хэдэн зуун мянгаар анд явах тэргээ захиалж хийлгээд л, гараажид нь машаан нь багтахаа болиод л, цагаан сараар далай гаталж хэдэн зуун мянгаар нь казинод алдаад л, Монголчуудын боолын хөдөлмөрийн эх зах нь болсон Солонгосын казинод дунд хүүтэйгээ тааралдаад л, бэр нь европт төрөөд л, нялх ач нь Солонгосоос хэрэглэлээ зөөлгөөд л, өвөл болонгуут Австрали орж хэвтээд л, дан ногооноор гүйлгээ хийгээд л, бага хүү нь Ландаа голж Лексус болгоно гэж эрхлээд л. Аймар аймар.

Гэтэл ядуус нь хүйтэн гэртээ дугуй шатаагаад л, цахилгааны утас салаалах гэж байгаад тогонд цохиулж үхээд л, газар малтаж эрдэнэс хайж байгаад амьдаараа булшлагдаад л, дан усан бантан хямдхан хужаа гоймонгоор тансаглаад л , хагас балга хар усны төлөө бие биенээ алаад л, азтай зарим нь тэр хар усандаа хордож үхээд л, охин нь бааранд мөнгөтэй залуугийн урдуур эргэлдээд л, зодуулаад л, энэ хэдийгээ тэжээх гэсэн ээж нь баячуудын баастай зууралдаад л...

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ