Эрдэнэтийн ГОК-т 26 настай эмэгтэй амиа алджээ
Орхон аймгийн Баян-Өндөр суман дахь Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт осол гарч, нэг хүн амиа алдаж, нөгөө нь бэртсэн харамсалтай хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 16-нд Цахилгааны үйлдвэрт осол гарч, 26 настай Б.Батмөнх амиа алдаж, 43 настай Д.Энхбаатар эмнэлэгт хүргэгдсэн юм.
Ингээд ослын талаар “Уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатараас тодрууллаа.
-Энэ сарын 16-нд гарсан ослын талаар тодруулна уу?
-Тухайн өдөр Цахилгааны цехийн мастер Н.Саранцогт цахилгааны монтёр Д.Энхбаатар, Б.Батмөнх, Э.Орхон, Д.Өсөхбаяр нарт Баяжуулах фабрикийн төв корпусын дэд станцын тулгуурын хэлхмэл шаазан тусгаарлагчийг солих даалгавар өгсөн. Улмаар Б.Батмөнх, Д.Энхбаатар нар тулгуурын хэлхмэл шаазан тусгаарлагчийг агаарын шугамын буултын бэхэлгээнээс салгахаар боолтыг тайлах үед шаазан тусгаарлагч даруулга хоёрын хооронд хөшилт үүссэн. Тэгээд сүүлийн боолт тайлагдахгүй гацсанаас осол гарсан.
-Ослын дүгнэлт гарсан юм уу?
-Тухайн үед Д.Энбаатар, Б.Батмөнх нар газрын төвшнөөс дээш 16.36 метрийн өндөрт ажиллаж байсан. Ажиллах тавцангаа өөрсдөө хийж, дээр нь ажиллаж байсан юм. Ингэхдээ тэд таван ширхэг тавын банз нийлүүлэн, хавчигч төмрөөр бэхлэн ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Түүнчлэн тэд хамгаалах бүсний дэгээг тулгуурын хэлхмэл шаазан тусгаарлагчийн дунд хэсгээс бэхэлсэн нь ослын гол шалтгаан болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд бэхэлгээгээ буруу хийснээс ийнхүү осолдох нөхцөл үүссэн гэх дүгнэлтийг ослын шалтгаан нөхцлийг тогтоох /Эрдэнэт үйлдвэрийн/ комисс гаргалаа.
-Дүгнэлтийг “Эрдэнэт ГОК” үйлдвэрийн зүгээс гаргасан юм байна. Мэргэжлийн хяналт юм уу, цагдаагийн байгууллагаас яаж ажиллаж байна?
-Бид гаргасан дүгнэлтээ Эрдэнэт хотын Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч Н.Энхтуяад хүргүүллээ. Мөн осол гарсан өдөр хэрэг гарсан орчинд аймгийн Мөрдөн байцаах газар болон цагдаагийн ажилтнууд ажилласан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа. Ер нь ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын газраас эцэслэн тогтоотол ямар нэгэн хариу өгөх боломжгүй.
-Осолдсон хоёр хүн дээрээс унах үед өмссөн каск нь хагарсан гэсэн. Чанаргүй каск байв уу. Эсвэл тэгж хагарах хэмжээний хүчтэй унасан гэсэн үг үү?
-Ер нь бол өндрөөс унасан учраас каск хагарсан. Гэхдээ унахдаа толгойн хэсэгт нь ирмэгтэй зүйл таарснаас хамгаалалтын малгай нь хагарсан гэсэн. Манай ажилчид бүгд стандартын каск өмсдөг.
-Амиа алдсан ажилтны тухайд?
-Талийгаач Б.Батмөнхийн хувьд дунд боловсролтой, 26 нас хүрч байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикт цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар зургаан жил нэг сар ажилласан. Тэрбээр өндрөөс унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан байв. Хэдийгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан даа.
-Бэртэл авсан ажилтны биеийн байдал хэр байна?
-Д.Энхбаатар Баян-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, долоодугаар хавирганы далд хугарал, гэмтлийн гаралтай уушги болон дотор эрхтний дарагдлын хам шинж гэсэн оноштой эмчлүүлж байна.
Тэгвэл он гарсаар “Эрдэнэт” үйлдвэрт амиа алдсан иргэний нэг нь 26 настай эмэгтэй байжээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард конвейрийн доогуурх шороон хүдрийг цэвэрлэх гэж байгаад амиа алдсан билээ. Тухайн үед ар гэрийнхнийх нь зүгээс гомдол гаргасан ч үйлдвэрийн талаас тодорхой арга хэмжээ авснаар намжсан хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, талийгаачийн дүүг түүний оронд ажилд авч, оршуулгын зардалд нь 10 сая төгрөг өгчээ. Мөн Хөдөлмөрийн хуулийн дагуу үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүнд олгох ёстой 36 сарын цалинг нь ч өгчээ.
Хэргийг сийрүүлбэл, талийгаач бүсгүй үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт конвейрийн машинчийн ажил хийдэг байжээ. Хүүхэд төрүүлэн жирэмсний амралтаа авсан бөгөөд хүүхдээ төрүүлээд таван сар болсны дараа буюу амралтаа дуусаагүй байхад ажилдаа орсон байна. Тиймээс амралтыг нь гүйцээлгүй ажилд нь оруулсан нь үйлдвэрийн буруу болжээ. Гэвч үйлдвэрийн зүгээс “Талийгаач эмэгтэй банкинд их хэмжээний зээлтэй байсан учир ажилдаа орох хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү ажилдаа ороод байсан” гэх тайлбар өгсөн юм. Тэрбээр малтуураар хог цэвэрлэж эхлэх үед машинд татагдан, хоолойг нь боосноор амиа алджээ. Ослын шалтгаан нь конвейрийн машин зогсоогүй байхад цэвэрлэгээ хийснээс үүдсэн гэж гарчээ. Харин хуулийн байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ