Клинтон ТТГ-ын нууц бичгүүдийг дэлгэнэ
АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Босни Герцеговины дайны тухай 300 орчим баримт бичгийг дэлгэх гэж байна. Өнөөдрийг хүртэл эдгээр баримт бичиг “нууц” гэсэн тэмдэглэлтэй байсан юм.
“Босни улс, тагнуулын мэдээ ба Клинтоны ерөнхийлөгч байх үе” гэсэн симпозиумын үеэр аравдугаар сарын 1-нд Нью-Йоркт Клинтоны санд эдгээр баримт бичгийг танилцуулах ажээ. Америкийн төрийн хуучин тэргүүн саяхныг хүртэл цөөхөн хүний л мэдэж байсан Америкийн тусгай албадын материалыг дэлгэх юм.
Энэхүү мэтгэлцээний үеэр 1990-ээд оны Балканы хойгийн дайн, дээд тушаалын улс төрчдөд мэдээлэл өгөхөд тагнуулын албадын гүйцэтгэсэн үүрэг болон мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор Клинтоны засаг захиргааны хийж байсан алхмын тухай ярих ажээ.
Энэ арга хэмжээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт, Европ дахь НАТО-гийн цэргийн командлагч асан Уэлси Кларк, АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх асан Сэмюэль Бергер, бусад нэртэй улс төрийн зүтгэлтэн оролцох юм байна.
Босни Герцеговин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа 1992 онд зарлаж, үүний дараа тус оронд сербүүд, лалын шашинтнуудын өөртөө засан тохинох бодлого баримтлагчид, босничүүд болон хорватуудын хооронд омог аймгийн хурц мөргөлдөөн дэгдсэн юм. Дайны эхний шатанд Югославын ардын арми ч бас оролцож байв.
Цаашид Хорватын арми, сайн дуранхан болон бүх талын хөлсний этгээдүүд, НАТО-гийн зэвсэгт хүчин мөргөлдөөнд татагдан оржээ. Шинжээчдийн дүгнэснээр, дайнаас өмнө байсан дөрвөн сая орчим хүн амаас энэхүү мөргөлдөөний үеэр 100 мянга орчим нь амь үрэглдсэнийг хэвлэлд дурддаг. Боснийн сербүүд Слободан Милошевичийн тэргүүлсэн Сербийн засгийн газраас дэмжлэг авч байсан юм.
Югославын ерөнхийлөгч асан Слободан Милошевичийг цэргийн гэмт хэрэг үйлдэж, Женевийн конвенцийг зөрчин, хүйс тэмтрэх ажиллагаа явуулж байсан гэж 1999 онд НҮБ болон НАТО үзсэн билээ. Хуучин Югослав дахь цэргийн гэмт хэргийн асуудал эрхэлсэн олон улсын шүүхэд Милошевичийн хэргийг шүүн таслах ажиллагаа маш удаан хугацаагаар үргэлжилсэн юм. Милошевич Гаагийн шүүхийн үйл ажиллагаа хууль ёсны гэдгийг үл хүлээн, өөрийгөө өөрөө өмгөөлнө гэж мэдэгджээ. Гэвч Милошевич гэнэт нас барснаар түүнийг шүүх ажиллагаа өндөрлөсөн түүхтэй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ