“Тамхины хууль"-ийн тар танигдлаа

УИХ-ын эрхэм түшээд, хууль сахиулагчид, хэрэгжилтийг нь хянагчид “Тамхины хяналтын хууль”-иа эргэж нэг харав. Ямархан хууль баталснаа сая л нэг ойлгох шив дээ. Хэрэгжиж эхэлсэн өдрөөс өнөөг хүртэлх авсан арга хэмжээгээ дүгнэхэд улсын хэмжээнд 19 сая төгрөгийн торгууль тавьжээ. Торгох л ёстойгоос хойш торголгүй яахав.

Гэхдээ энэ нь санаанд нь хүрээгүй юм байх. Аргагүй л дээ, тамхи зуусан болгоныг торгоод, улсын төсөвт жилд өчнөөн зуун сая төгрөг оруулна гэж тооцсон нь талаар болжээ. Тавин мянган төгрөгөөр торгуульчих бэлтэй тамхичин манайд тийм элбэг байх биш. Хориглосон цэгт татсан ганц нэг нь халаас хоосон болохоор яах билээ. Бариад хорь гэсэн заалт байхгүй. Тэгээд л торгууль нь дампуурахгүй юу. Шийтгэл нь нэг ийм байж. Энэхүү хуулиас улбаалан ямар ямар сөрөг нөлөө илрэх вэ гэдгийг тэд огт тооцсонгүй. Судалгаа, баримтгүйгээр хийжээ. Ядаж л хүн амын хэдэг хувь нь тамхи татдагийг мэддэггүй юм байна. “Их мэдэгчид” насанд хүрсэн эрчүүдийн 40 хувь, зарим нь дөрвөн эрийн нэг тамхи татдаг гэсэн “харанхуй” тоотой сууна.

Өсвөр насныхныг оруулаад гаргасан нэгэн судалгаагаар Монголын гурван эрийн нэг тамхи татдаг, хүн амын 46 хувь ногдоно гэсэн нь буй. Энэ харин магадлалтай юм. Та ажиглаарай. Таны эргэн тойронд байдаг эрчүүдийн дийлэнх тамхи татдаг байх шүү. Дээр нь охидын тамхидалт нэмэгдэнэ. Мэргэжилтний хэлж байгаагаар өдрөөр өсч байгаа юм билээ. Эл хуулийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилсан билээ. Цэвэр сэтгэлийн хөөрлөөр хийгдсэн хууль гэхэд хилсдэхгүй. Тэд тамхины талаар ямарч ойлголтгүй нь гарцаагүй. Тамхи бол мансууруулах үйлчилгээтэй, хүчтэй донтуулагч бодис шүү дээ. Тамхинд нэг л орчихвол гарах маш хэцүү. Тиймээс дэлхий даяар тамхичид байдаг юм. Ийм л наад захын ойлголтыг тэд ухсангүй. Тэгэх чадвар ч тэдэнд угаас байхгүй. Үр дүнд нь юу болов.

Орон байрны орц, хонгил, цахилгаан шат, жорлон офиссийн газрууд тамхины хогоор дүүрлээ. Нийтийн бие засах газар, цахилгаан шатанд тамхи татаж болохгүй гэсэн заалт бий л дээ. Энэ хөөрхийлөлттэй заалт хэрэгжсэнгүй. Таваас дээш давхарт амьдардаг тамхичин гадаа гарч татах уу. Хэзээ ч үгүй. Тамхи борлуулдаг цэгүүд багасах биш бүр олшров. Бүр дэргэд ирлээ. Харин ч сайн болов. Хол явж дэлгүүр хайхгүй, ажлынхаа байрны булан тойроод л, борлуулагчийн чихэнд шивнээд авчихдаг боллоо. Тамхины бизнес далд орсноор улам цэцэглэж байна даа. “Тамхи татах албатай юм уу” гэж та асуух байх. ДЭМБ наадхыг чинь “сонголт” гээд эрхийг нь бодолцохыг заачихсан буй. Тиймээс ч Монголд орших НҮБ-ын байр хашаандаа тамхины албан ёсны цэг нээсэн буй за. Удахгүй архины хууль өөрчлөгдөнө. Амьдралд нийцүүлж л үзээрэй дээ. Өмнө нь эр, эмгүй нэг сайн архидаад, жаал бодохгүй юу, гишүүдээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин