Монголын чөлөөтийнхний мөнгөн үе эхэллээ

Монголчууд бид өнгөрсөн зууны дунд хэрээс их спорттой нөхөрлөсөн гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа чөлөөт бөх гэдэг төрөлд. Үндэсний бөхийн баялаг уламжлал дээр тулгуурласан манай тамирчид маш богино хугацаанд өндөр амжилт гаргасныг дэлхий мэднэ. Олимп, дэлхийн дэвжээнээс медаль авч, улмаар дэлхийн хоёр ч аваргатай болсон. Бидний бахархдаг, олимпийн аваргатай болно гэж хүлээдэг ганц спорт тэр байв. Тэгтэл наяад оноос гэнэт бүр уначихсан билээ. Унах унахдаа бүр шалчийтлаа унасан даа. Хэр өндрөөс унана, төдий чанга унадаг гэсэн үг буй. Яг тийм юм тохиосныг бүгд мэднэ. Яваандаа бүр цөхрөөд спортын топ төрлөөсөө хасангаа алдсан удаатай. Тэгтэл бурхны аврал гэлтэй охид гялалзаад ирдэг байгаа. ОУХМ С.Батцэцэг гэдэг нядхан дэлхийн аварга болж орхисон нь санаагаар унасан нутаг нэгтнүүдийнхээ элгийг дэвтээв. Бараг бүгд л босоод ирсэн дээ. Түүнээс хойш охиддоо итгэх итгэл эрс нэмэгдсэн нь мэдээж. Энэ жил манайхан Будапештийн дэвжээг зориход мөн л охиддоо найдсан. Тэр талаар болсонгүй. Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр дэлхийгээс алт, мөнгө хоёр “зулгаав”. ОУХМ Э.Сумъяа “алт”-ын дайтай мөнгө зүүв. ОУХМ Т.Мөнхтуяа хошой хүрэл хүзүүндээ зүүчихлээ. Бас болоогүй ээ, итгэл үзүүлээгүй, яваад л ирэг дээ, хэмээсэн эрчүүд ч хоосонгүй. ОУХМ Г.Мандахнаран маань хүрэл медаль авчихдаг байгаа. Мундаг шүү, монголчууд. Монголын чөлөөтийнхний мөнгөн үе эхэллээ. Ийм сайхан мөч бас ирдэг байжээ, бидэнд. Хоёр "Мөнх", З.Ойдовтой "алтан үе"-ээ арай мартаагүй биз дээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин