Г.Мандахнаран хүрэл медаль хүртэв
Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 66 кг-д зодоглосон ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн болж, Монголын баг тамирчид гараагаа амжилттай эхлүүллээ.
Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, улмаар Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатай ялж хүрэл медалийн болзол хангажээ.
Мөн өчигдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан ОУХМ Э.Бэхбаяр 55 кг-ын жинд эхний тойрогт хийлж, улмаар Азербайжан, Венесуэлийн бөхчүүдийг ялсан ч дөрөвний нэг шигшээд Туркийн бөхөд дийлдсэн. Харин 96 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Хүдэрбулгын хувьд эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Таймураз Тигиевт ялагдсанаар тэмцээнийг орхив.
Харин өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60, 84 ба 120 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Э.Ням-Очир /60 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нар хүч сорих юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ