Барүто зодог тайлахаа мэдэгджээ
Ёкозүна Хакүхо, Харүмафүжи нар бэлтгэлээ эрчимтэй базаасаар байгаа юм. Хакүхогийн хувьд башёгийн өмнөх сүүлийн бэлтгэлийг “Нарүто” дэвжээнд хийнэ. Харин Харүмафүжи өөрийнхөө дэвжээндээ оозэки Котошогикү, Котоошюү тэргүүтэй сүмочдыг хүлээн авч бэлтгэл хийх гэнэ.
Мөн экс оозэки Барүто жюүрё хүртэл чансаа буурсан нь сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Тэрээр сүүлийн 10 гаруй хоног бэлтгэлээ огт хийгээгүй байсан бөгөөд өчигдөр албан ёсоор зодог тайлах болсноо мэдэгдлээ. Эстонийн цорын ганц төлөөлөл болох тэрээр зодог тайлж байгаа гэдгээ хэвлэлийн хурлын үеэр тайлбарлажээ. Барүто хэлэхдээ “Миний хувьд ид залуу насандаа зодог тайлна гэдэг тун хэцүү байна. Гэхдээ бэртэл намайг аргагүйн эрхэнд ийм шийдвэрт хүргэхэд нөлөөллөө. Би маш их харамсч байгаа ч оозэки цолоо хүндэтгэсэн юм. Энэ хугацаанд надтай хамт байсан бүх хүнд баярлалаа" хэмээн нулимс унагажээ. Барүто хамгийн сүүлийн башёдоо 197.5 см өндөр, 187 кг жинтэй барилдаж байв. Тэрээр сүмогийн дээд зиндаанд 41 башё зодоглосныхоо 15-д нь оозэки цолтой барилдсан юм. 2012 оны нэгдүгээр сарын тэмцээнд нэг удаа түрүүлсэн. Үүнээс гадна дөрвөн удаа дэд түрүү, тусгай шагналыг долоон удаа хүртсэн тэрээр 29 насандаа ийнхүү сүмогийн ертөнцийг орхиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ