Л.Гантөмөр: Хамтарсны давуу талыг бид гаргаж чадаж байна

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй шинэ оны босгон дээр ярилцлаа.


-Энэ өдрүүдэд Засгийн газраас өргөн барьсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр зам болон ураны төслийн асуудлыг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Тэгэхээр эдгээр төслүүдийн манай улсад авч ирэх үр өгөөжийг уншигчдад маань тайлбарлаж өгнө үү?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа Монголын өнөөдөр хүртэл бугширсан, шийдэж чадахгүй өдий хүрсэн, тэгсэн мөртлөө улсын нийгмийн хөгжил дэвшилд маш нөлөөтэй гэж үзсэн төслүүдээ бид мега төсөл гэж зарласан. Нийт 14 ажлын ард гарна. Ингэж байж Монголын эдийн засаг урт удаан хугацаанд тогтвортой хөгжил дэвшил рүү алхана. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэж байж Монголын нийгэм тогтуун тайван болно гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд хамгийн эхэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шийдсэн. Баруун талын эрчим хүчний импортын хамаарлыг арилгахад том үүрэгтэй төсөл. Бид саяхан Шанхайд очиж гэрээгээ зурж, санхүүжилтийн асуудлаа бүрэн шийдсэн. Хоёрдугаарт, ураны асуудал байгаа юм. Уран олборлохыг сүүлийн 20 гаруй жил ярьсан. Үүнийг шийдэж байж бид цаашаа технологийн орон болох зам нээгдэнэ. Эдийн засгийн хөгжил дэвшилд ч маш хэрэгтэй. Тиймээс ураны гэрээ байгуулагдлаа. Бидний тавьсан маш чухал зорилт шийдэгдэж байна гэж харж байгаа. Дараагийн асуудал бол хил холболтын төмөр зам. Өнөөдөр нэг хил холболтыг шийдэж байгаа юм шиг мөртлөө 4-5 том терминал байгуулах ажлын эхлэл болж байгаагаараа их онцлогтой. Ингэх юм бол бид урд хөршийнхөө нүүрсний зах зээлийн 10-20 хувь руу алхах боломж бүрдэнэ. Нүүрсний зах зээл хумигдаж байгаа энэ үед бидний хувьд их том алхам болно. Эдийн засгийн бүх асуудлыг шийдэх суурь болох учраас энэ шийдлийг УИХ-аараа гаргуулж чадлаа. Цаана нь БНХАУ-тай хийх хэлэлцээр биднийг хүлээж байна. Аль, аль нь хохирч болохгүй. Бидний том зорилго бол урд хөршийнхөө зах зээлд өөрийн оролцоог бий болгох юм. Энэ зорилгынхоо төлөө бид том алхаж чадлаа. Мөн Засгийн газраас нүүрс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Энэ хавартаа багтаагаад бид хөрөнгө оруулалтаа шийднэ. Мега төслүүдийн дөрөв дэх нь энэ. Тав дахь нь болох Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрээ дуусгах тал дээр Энэтхэгийн засгийн газраас эхний захиагаа авсан. Он гараад үүнийг шийднэ. Ингээд бидний ярьж байгаа 14 төслөөс 5-6 нь ажил хэрэг болоод явна. Ирэх жилдээ багтаагаад бид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэс боловсруулах үйлдвэрийн төслөө эхлүүлнэ. Дараа нь Оюу толгойг түшиглэсэн үйлдвэрийн тухай яригдана. Энэ мэтчилэн бид тавьсан зорилгынхоо төлөө бууж өгөхгүй явж байна. Бидний “Хөгжлийн төлөөх зориг” маань “Бууж өгөхгүй зориг” болж байгаа. Бид бууж өгч болохгүй, заавал ард нь гарна. Ард түмэн үүнийг хүлээж, харж байгаа. Дөрвөн жилийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд заавал үр дүн гарах ёстой. Бид утаагүй, түгжрэлгүй болох ёстой. Боловсролын асуудал шийдэгдэх, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр ахисан байх хэрэгтэй. Ийм зүйлсийн төлөө бид итгэлтэйгээр ажиллаж байна.

-Сонгуулийн дараа танай намыг хамтарсан засагт ороход нийгэм янз янзаар л хүлээж авсан. Гурван нам хамтраад засаг байгуулаад явахад ойлголцлын хувьд хэр байна вэ?

Ардчилсан нам 2023 онд эв нэгдлийг сахисан. Харин 2024 онд Монгол төрийг тохинуулах зорилго дээрээ нэгдсэн. Өнгөрсөн найман жилд том бүтээн байгуулалт явсангүй. Тийм учраас бүтээн байгуулалтуудыг хийж, Монголыг үйлдвэржсэн орон болгох зорилгыг бид дэвшүүлсэн. Энэ зорилго өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ардчилсан намын 42 хүнд бүгдэд нь байгаа. Зорилгоосоо бид ухраагүй. Харамсалтай нь сөрөг хүчин хиймээр байна. Илүү ард түмэнд таалагдах гэсэн сонирхол мэдээж хэрэг байгаа. Тиймээс нам засгийн төлөө 100 хувь ажиллаад байгаа гэж хэлэхэд асуудалтай. Гэвч бид зорилгынхоо төлөө л хамтарсан засагт орсон. МАН-ын хувьд ч гэсэн сайд болмоор байгаа, засгаа ганцаараа аваад явах гэсэн, засгийг дэмжихгүй хүмүүс байгаа. Тийм болохоор бүх зүйл сайхан явж байгаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид хамтарсны давуу талыг гаргаж чадаж байна. Төсөв их нээлттэй хэлэлцүүлэгддэг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд бид гурав хамтраад хийсэн. Их зөв өөрчлөлтийг хийсэн байна. Парламент их том боллоо. Хувийн ашиг сонирхол гэдэг зүйл харагдах нь багассан байна. Олонхоороо их ухаалаг шийдвэр гаргадаг болсон байна. Тийм учраас надад итгэл төрж байгаа нь парламент өөрөө олон түмний төлөөлөл болж чадсан. Тэгэхээр Засгийн газар олон түмнийхээ талд байж чадах юм байна гэсэн итгэл юм. Улаанбаатар хотод өнгөрсөн он жилүүдэд ийм том хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй шүү дээ. Энэ бол хувьсгал шахуу зүйл болж байгаа байхгүй юу. Бидний зорилго бол их ариун, шударга. Улаанбаатар хот маань түгжрэлгүй, утаагүй, хүмүүс маань орон сууцтай болог. Шинэ дагуул хотоо байгуулъя. Ингэснээр хот маань тэлэг. Өнөөдөр/12.27/ Хархорум хотын тухай хууль орж ирж байна. Дэлхийн эртний нийслэлийг буцааж амилуулъя. Ингэснээр Монголын түүх дэлхийд дахиад тамгалагдаг, дурсагдаг гэдэг утгаараа ажиллаж байна. Энэ мэтчилэн Засгийн газар ерөөсөө эрч хүчээ алдаагүй. Баялгийн сан буюу Чингис сан дээрээ бид мөнгийг бүрэн төвлөрүүлж чадлаа. Ирээдүйд дэлхийд алдартай сан болно гэсэн амбицтай байна. Сангийн хуулийг гурван намын дарга гарын үсэг зурж байгаад Их хурлаар батлуулж байсан. Ер нь давуу талууд бас их байна.

-Хамтарсан засаг байгуулаад хэдийгээр мега төслүүдээ явуулж байгаа ч алдаа дутагдал, хулгайг нь хаацайлдаг. Хяналт сулардаг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээрээ АН хэр шударга, шүүмжлэлтэй ажиллаж байна вэ?

-Хамтарсан засгийн үед хамгийн чухал нь хараа хяналт их сайжирдаг. Яагаад гэхээр дотор нь ороод суучихдаг. Тэгэхээр хулгай хийж чадахаа больдог. Бид яг цаагуураа бол нэгэндээ итгэхгүй шүү дээ. Тийм учраас хэн нэгний толгой илэх асуудал байхгүй. Энэ их давуу талтай гэж би харж байгаа. Мэдээж хуучин хулгай хийж амьдардаг байсан нөхдүүд одоогоороо амь бөхтэй оршиж байгаа байх. Гэвч хуйвалдаан бол байхгүй болчихож байгаа юм. Хуйвалдаан мэдээлэлгүй үед гардаг. Гэтэл өнөөдөр Таван толгойн нүүрс, Эрдэнэтийн зэсийг хэн, яаж худалдаж авч буйг би бүгдийг нь мэдэж байгаа. Хамтраагүй бол мэдэхгүй шүү дээ. Нөгөө талдаа АН-ын сайд нар хулгай зэлгий хийх сэтгэл зүрх байхгүй. Тийм болохоор хамтарсан засаг бол бүгдийг нээлттэй болгодог учраас их давуу талтай юм байна. Цаашдаа шинэ хуулиар маш олон хамтарсан засаг гарах байх. Ингэснээрээ Монгол илүү их цэвэршинэ.

-Засгийн газраас хуулийн төслүүдийг яаралтай, нэн яаралтай горимоор оруулж байгаа эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж байна гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд хэлдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Бид маш их хугацааг улстөржиж алдсан учраас энэ Засгийн газар цаг хугацаатай уралдаж байна. хүлээгээд суух хугацаа ерөөсөө байхгүй. Ядаж ирэх өвөл утаагаа буулгая. Тэгэхийн тулд заавал УИх-аар шийдвэрүүдийг гаргуулахаас өөр аргагүй. Ердийн журмаараа жил хүлээдэг боломж бидэнд алга. Энэ засгйин даалгавар нь их өндөр, 14 мега төсөл зарлачихсан. Эдийн засгаа хоёр дахин том болгоно гээд амлачихсан. Тийм учраас цаг хэмнэх гэж л зүтгэж байгаа юм. Мэдээж алдаа дутагдал гарч магадгүй. Гэхдээ бид засаад л явна. Өөр арга байхгүй. Бодоод, хүлээгээд суугаад байх цаг бидэнд алга.

-Ирэх 2025 онд Засгийн газраас ард түмэн ямар ажлуудыг хүлээх вэ?

-Энэ 2024 он бол бүгд өөр, өөрийн гэсэн зорилго өвөртлөөд, түүнийхээ төлөө тууштай байж чадлаа. Зорилго цаашаа бодитой ажил хэрэг болох ёстой. Ингэхийн тулд итгэл хэрэгтэй. Итгэл алдраад байна. Тэгэхээр 2025 он бүх хүнд итгэл өгсөн жил болно. Утаа, түгжрэл гурван жилийн хугацаанд алга болох юм байна. Эдийн засаг өснө, үйлдвэржилт бодитой бий болно, том төсөл Монгол Улсад явж болдог юм, ажил хийгээд сайхан амьдарч болох юм байна гэсэн итгэл авсан жил болно. Тэгэхээр ирэх оны үг итгэл гэсэн үг байх болов уу гэж итгэж байгаа. Энэ үгийг амь оруулахын төлөө Тэргүүн Шадар сайд, АН-ын даргын хувьд бүх хүчээ дайчлан ажиллана.

-Манай сонины уншигчдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Өнгөрч байгаа 2024 он маш их зорилготой, хүн болгон юманд хүрэхийг хичээсэн, ажлын ард гарахыг оролдсон жил байлаа. Шинэ Үндсэн хуулийнхаа үр шимийг хүртэх суурийг тавьсан он жил байлаа. Хуваагдал, талцлыг ардаа орхисон он байлаа. Ирэх жил айл бүр өөрийн гэсэн зорилгодоо хүрэх итгэлийг олсон он жил байгаасай. Хүн бүр эрүүл саруул амьдарна гэсэн итгэлийг авсан жил болоосой.

Хүн бүр аз жаргалыг мэдрээсэй л гэж би хүсч байна. Өөртөө эзэн байж, өөрийнхөө ирээдүйг итгэлтэйгээр зурахын ерөөлийг танай сонины уншигчдад хүргэж байна.

Эх сурвалж:DNN.MN Т.ДАРХАНХӨВСГӨЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ