Монголбанкны ерөнхийлөгч Бреттон Вудсын систем үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хуралд оролцлоо

Бреттон Вудсын систем үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар сарын 27-28-ны өдөр зохион байгуулсан “Бреттон Вүүдсээс хойших 80 жил: Олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоог бүх нийтэд бий болгох нь” сэдэвт олон улсын эрдэмтэн судлаачдын хурал боллоо.

Энэхүү хурлын “Дэлхийн санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө: Дэлхийн эдийн засгийн хуваагдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх нь” салбар хэлэлцүүлэгт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хорватын Төв банк, Унгарын Төв банкны Ерөнхийлөгчид, Сингапурын их сургуулийн Лии Куаныгийн Их Сургуулийн Төрийн бодлогын сургуулийн захирал, БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Санхүүгийн сургуулийн Assciate Dean, UBS банкны стратегийн захирал нарын хамт оролцлоо.

Уг хэлэлцүүлгийн үеэр дэлхийн мөнгө, санхүүгийн зах зээлд гарч буй хуваагдмал байдал, зөрчилдөөн нь жижиг нээлттэй эдийн засагт хэрхэн хүндрэл учруулж байгаа талаар бусад Төв банкны тэргүүн нарын хамт туршлага, санал дүгнэлтээ хуваалцав.

Тус хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн геополитикийн үеийн санхүүгийн хориг арга хэмжээ нь олон улсын худалдааны төлбөр тооцооны хүндрэл дагуулж, улмаар нефтийн бүтээгдэхүүнээс 100 хувь ОХУ-аас хамааралтай Монгол Улсын хувьд маш том хүндрэл дагуулах, улмаар морио унаж ажил амьдралаа зохицуулахаас аргагүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан талаар жишээ болгон тайлбарласан юм.

Түүний зэрэгцээ дэлхийн хоёр том гүрний дунд орших Монгол Улсын хувьд нүүр тулсан эрсдэлийг шийдвэрлэхэд АНУ болон Английн Засгийн газруудаас зөвшөөрсөн төлбөр тооцооны гарц маш том дэмжлэг болсон талаар байр сууриа хуваалцсан юм.

Түүнчлэн, тус хэлэлцүүлгээр байгаль орчин, тогтвортой байдлын асуудал нь дэлхийн хэмжээнд хэрхэн нөлөөлж буй, эдийн засгийн хуваагдал, санхүүгийн тогтвортой байдал болон системийн эдийн засгийн эмзэг байдлыг арилгахын тулд дэлхийн санхүүгийн хамтын ажиллагааг ямар арга замаар сайжруулах тухай хэлэлцсэн юм.

Эдгээр сэдвийн хүрээнд өнгөрсөн санхүүгийн хямралуудаас өнөөгийн дэлхийн санхүүгийн сорилтод тулгарч буй бэрхшээл хүндрэлд ямар сургамжийг авч  хэрэгжүүлэх тухай оролцогч бүр хувь судлаачийн байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцлоо.

 

Эх сурвалж: Монголбанк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ