СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг иргэн автомашинтайгаа живж, нас баржээ
Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлага гуравдугаар сарын 4-ний 09:00 цагт онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Тодруулбал Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын төвөөс зүүн зүгт 11 километрийн зайтай Туяа багийн Дэлгэрмөрөн голын Зусын гарам гэдэг газар Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живж, нэг зорчигч нь эсэн мэнд гарсан байна.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход "Toyota Prius-20" загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсан аж. Аврах бүрэлдэхүүн ажиллаж 12:05 цагт 45 настай иргэний цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. Харин автомашиныг 13:02 цагт гаргасан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг тус газраас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ