Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөх, барилга барих ажлыг энэ онд эхлүүлнэ

Улаанбаатар хотод Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Толгойт, Дэнжийн мянгын дэд төвийг барьж байгуулна.

 

Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Харин Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт 57 хувьтай байгаа, цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэхийг зорьж байгаа билээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тэмдэглэсэн юм.

 

Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг. Улс, нийслэлийн төлөвлөлтийг бүх шатны нэгж хамтран хийх тул анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсох нь чухлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

Сүхбаатар дүүрэгт 39984 өрхийн 141537 иргэн амьдардаг, 20 хороо, 20800 га газар нутагтай. Тус дүүрэг орон сууц, гэр, байшин хороолол хосолсон, мөн зуслангийн бүстэй. Хороодод оршин суух хүн амын тоо нэмэгдэж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай тул бүсчлэн хөгжүүлэх нь чухлыг уулзалтад ирсэн албан хаагчид хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ