Монгол, Киргиз улс финтек компаниудыг дэмжихэд хамтран ажиллахаар болов
Монгол Улсын СЗХ Киргиз Улсын Үндэсний төв банктай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.
Ингэснээр Монгол Улсын тал Киргиз Улсын финтек компаниудыг дэмжих, хил дамнасан санхүүгийн ажиллагааны мэдээлэл солилцоход хамтран ажиллана гэж СЗХ-ны дарга Д.Баярсайхан мэдэгдлээ.
Киргиз Улсын Засгийн газрын ордонд болсон уг ёслолын үйл ажиллагаанд тус улсад айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга Акылбек Жапаров болон албаны бусад төлөөлөгчид оролцов.
Хамтын ажиллагааны санамж бичигт СЗХ-ны дарга Д.Баярсайхан Киргизийн Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов гарын үсэг зурсан юм.
“Хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаа хурдацтай хөгжиж буй цаг үед хяналт, зохицуулалтын байгууллагуудын нягт хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ үед санамж бичиг байгуулсан нь хоёр улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой, бүрэн бүтэн байдлыг хангах, салбарын оролцогч, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, бүс нутгийн санхүүгийн интеграцчиллыг харилцан уялдаатай хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэдгийг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцлов.
Киргиз Улстай финтек компаниудыг дэмжих, хил дамнасан санхүүгийн ажиллагааны мэдээлэл солилцоход хамтран ажиллахаар болов.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд, тэр дундаа финтек компаниудыг бодлогоор дэмжих юм. Мөн хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох, газар дээрх санхүүгийн хяналт шалгалт хийхэд харилцан туслалцах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах юм.
Киргизийн Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов, Санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хяналтын байгууллагын дарга Пирназаров Марат Тугольбаевич нар Монгол Улсын СЗХ, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбооны удирдлага, бусад төлөөлөгчийг Үндэсний банкны байранд хүлээн авч, хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, санамж бичгийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ