Энэ долоо хоногт говийн аймгуудын нутгаар +6 градус хүрч дулаарна
Энэ долоо хоногийн пүрэв гаригт Ховд, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдын нутгаар өдөртөө 0+2 градуст хүрч дулаарах, баасан гаригт Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутгаар өдөртөө +2+4 градус, Дундговь, Өмнөговь болон Дорноговийн зарим сумдын нутгаар өдөртөө +4+6 хүртэл градуст хүрч огцом дулаарна.
Үүний улмаас цасан бүрхэвч ихтэй байгаа баруун, хангайн аймгуудын нутгаар цас мөс ихээр хайлж, уулын гуу жалга, гол мөрний сав газруудад хаврын улирал шиг шавар шавхайтай, ус ихтэй байх магадлалтай байна. Харин 12-ний өдөр нь туулай жилийн өвлийн адаг сарын шинийн нэгний өдөр тул түүнээс хойш өдөртөө бага зэрэг хүйтэрч баруун, хангайн аймгуудын нутгаар өдөртөө -10-12 градус, говийн аймгуудын нутгаар -6-8 градуст хүрэх тул хайлсан цас мөс шөнөдөө эргэн хөлдөж мөстөх, сүүдэр болон гуу жалга бүхий газраар мөсөн бүрхэвч үүсэх эрсдэлтэй байна.
Иймд пүрэв, баасан гаригт цаг агаар дулаарсны улмаас дээр дурдсан бүс нутгуудаар гол мөрний мөс нимгэрч цөмрөх, эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхаарч гол мөрний мөсөн дээгүүр автомашинаар болон явганаар хөндлөн гарахаас татгалзаж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ