НДЕГ: Тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ

ХНХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-аас Нийгмийн даатгалын багц хуулийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ХНХ-ийн сайд Х.Булгантуяа манай улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжиж буйг хэллээ. Нэгдүгээр давхарга нь Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хоёрдугаар давхаргад хувийн нэмэлт тэтгэвэр үйлчилж эхлэх нь. Сүүлийнх нь сайн дурын үндсэн дээр гэдгийг тэрбээр тодотголоо.

 

Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр, тухайн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлээд явна гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

Мөн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж буйг мэдээллээ. Энэ оны эхний өдрөөс нэрийн дансандаа тэтгэврийнхээ 2 хувийг бэлэн мөнгө болгон хадаглаад, хуримтлуулаад явах нь. Энэхүү хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд зарцуулах эрхзүйн зохицуулалт нээгдэж байна гэв. Мөн шимтгэлийн тодорхой хэсгийг төрөөс хариуцахаар болж буйг танилцууллаа. Үүнд,

  • эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, мөн хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхийн аль нэг нь ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхдээ асарч харж буй бол НДШ-ийг төрөөс 100 хувь бүрэн хариуцна.
  • Мөн малчдын НДШ-ийн 50 хувийг төр 5 жилийн хугацаанд хариуцан төлөхөөр боллоо. Үлдэх 50 хувийг малчин өөрөө төлсөн нөхцөлд ийнхүү зохицуулж байна.
Даатгуулагч өндөр насны тэтгэвэрт өөрийн сонголтоор гарна.

 

Тэтгэвэрт гарагчдын нас, хугацаа өөрчлөгдөөгүй гэдгийг өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, 2024 оны тухайд 21 жил 9 сар болон түүнээс дээш хугацаанд НДШ төлсөн эрэгтэй 60 насанд хүрсэн бол, эмэгтэй 55 насанд хүрсэн бол өөрөө хүсвэл бүрэн тэтгэвэртээ гарна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн, төрсөн ондоо харгалзах насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл мөн бүрэн тэтгэвэртээ гарч болох нь. Жишээ нь, 20 жил НДШ төлсөн 1963 онд төрсөн эрэгтэй, 1968 онд төрсөн эмэгтэй даатгуулагч 61 нас 6 сар, эмэгтэй 56 нас 6 сарын насанд хүрсэн бол тэтгэврээ авна.

Түүнчлэн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш тооны хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 50 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэртээ гарна.

ХНХЯ-ны мэдээллээл нийгмийн даатгалд даатгуулагчийн тоо:

  • Ажил олгогч 56.1 мянга,
  • Албан журмаар датагуулагч 1.0 сая,
  • Сайн дураар 142.2 мянган хүн даатгуулжээ. Нийт 1.3 сая хүн НДШ төлж байна.

Өнөөдрийн байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 685.6 мянган төгрөг байна.

  • 2021 онд 416.1 мянган төгрөг,
  • 2022 онд 549.6 мянган төгрөг байв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ