Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих "Хөх баавгай Хөвсгөл" хөтөлбөр эхэллээ

 АХБ-ны санхүүжилтээр орон нутагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймагт голлон төвлөрч байна.

Дээрх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь Засгийн газраас энэ онд дэвшүүлж "GoMongolia-2024” буюу “Өөдөө тэмүүлэх Монгол” Үндэсний зорилтын хүрээнд хийж буй үйл ажиллагаа юм гэдгийг албаныхан тодотгож байна.

 

Тодруулбал, аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх юм. АХБ-ны “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд автозам тавих, ландфил, ус цэвэрлэх байгууламжийг бариад байгаа юм. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын дэд бүтцийг ийнхүү шинэчилж, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ аялал жуулчлалын өсөлтийг тогтвортой удирдах чадавхийг бэхжүүлэх юм.

 

Аялал жуулчлалаас олох орлогыг нутгийн иргэдэд хүртээх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгоход анхаарч байна. "Хөх баавгай Хөвсгөл" хөтөлбөр нь тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, нутгийн иргэдийн оролцоог дэмжихээс гадна соёлын өв, уламжлалаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ул мөргүй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.

 

Нэмж мэдээлэхэд, Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож "Монголд зочлох жил”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд 651.061 жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар давсан орлогыг төвлөрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ