Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн замын цас мөсийг цэвэрлэжээ
Нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өчигдөр нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацсан байна. Мөн 96 байршилд байрлуулсан элстэй савны 33 хайрцгийг элсээр, найман хайрцгийг давсаар дүүргэж, 58 техник хэрэгсэл, 96 (давхардсан тоогоор) хүн хүчээр Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн зам, Морингийн даваа, Баянзүрх товчооноос Налайх орох зам, тууш замуудын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэжээ.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө болон гол ба туслах 36.5 километр замын гадаргууг түрэх, хусах ажлыг аж ахуйн нэгж, Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компани болон 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулан ажилласан байна.
45 ХЭМЭЭС ДЭЭШ ХЭМД ЦАЦАХ БОДИС ХЯТАДААС АВНА
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:
-Сүүлийн хоногуудад 170 гаруй тонн давс, 433 тонн бодис зарцуулсан. Энэ нь нийслэлийн жилд нөөцөлдөг хэмжээний 10 хувь. Хөрсөн дээр -45 хэм хүрч хүйтрэх тохиолдолд нар гармагц хөлрөлт өгч, энэ нь дараа нь хөлдөн, авто замд мөс, халтиргаа гулгаа үүсгэх асуудал гарч байна. Тиймээс гол зам, гудамж, уулзвар, явган хүний замд дайрга цацаж эхэлсэн. Ингэснээр автомашин уулзвараар нэвтрэх чадвар сайжрах зэрэг үр дүн гарч байгаа тул ирэх долоо хоногт мөн үргэлжлүүлнэ.
Цаашид -45-аас дээш хэмд үйлчлэх бодис, технологийг БНХАУ-аас татаж авахаар төлөвлөж байгаа. Одоогоор аваагүй.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ