565 шинэ автобус 1 сард Монголд ирнэ
Парк шинэчлэлтийн хүрээнд 600 ширхэг автобусыг БНХАУ-ын үйлдвэрээс худалдан авах асуудлаар НЗДТГ-аас тодруулахад “Гэрээнд заасан хугацаагаар оноос өмнө 35 автобус Монгол улсын хилээр орж ирээд байна. Мөн нэгдүгээр сарын 10-ны дотор ахин 35 автобус, үлдсэн 530 автобус нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор орж ирэхээр байгаа. Хянан шалгах ажлын хэсэг хоёр үндсэн газарт ажиллана.
Арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Эрээн хотод автобусны урьдчилсан үзлэг хийгдсэн. Автобуснууд 1000 гаруй км-ийн цаанаас ирж байгаа учраас тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, бүрэн бүтэн байдлыг шалган улсын хилээр гаргана.
Хоёр дахь үзлэг нь автобусны үзүүлэлт үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Улаанбаатар хотод шалгана. Энэ удаагийн тендер шалгаруулалт олон нийтэд ил явагдсан. Тендер зарлагдсан хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван аж ахуйн нэгж бидэнд үнийн саналаа ирүүлснээс үнийн санал болон техник үзүүлэлтээрээ БНХАУ-ын “Ютон баз” автобусны компани шалгарсан. Нийт үнийн дүн 165 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 600 ширхэг автобус нийлүүлэгдэж байгаа. Эхний ээлжийн автобуснуудыг нэгдүгээр сарын нэгний дотор үйлчилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. 600 ширхэг автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээд дуусч байгаа. Гэхдээ шинэ чиглэл, төлөвлөлт зохион байгуулсны дараа хэрвээ хүрэлцээ муутай байвал ахин худалдан авалт хийнэ. Мөн өнөөдөр бид гаалийн баталгаат агуулахаас дунд багтаамжийн 50 автобусаа авах ажлаа хийлээ. Дунд багтаамжийн 18 болон түүнээс дээш суудалтай автобусаа нийслэлийн алслагдсан дүүргийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ