Д.Занданбат, Г.Дөлгөөн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил ирэх жилээс эхэлнэ. Нөлөөллийн бүсэд 1200 иргэн байгаа. Энэ иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил болж байна.  Хэлэлцэхгүй байна. Энэ төслийг явуулахын тулд нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой. Энэ бүсэд амьдардаг 1200 иргэнд яагаад мөнгө өгөхгүй байна вэ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг УИХ-ын удирдлагаас хүсэж байна" гэв.

Үргэлжлүүлэн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Г.Дөлгөөний Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн байна. Түүний хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явуулж, шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Ерөнхий аудиторыг чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулж, гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэнээр Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ