2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -24…- 30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30...-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12...- 18°С, бусад нутгаар -18...-24°C хүйтэн байдаг.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь– Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилээ дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–5°С-аар дулаан, бусад хугацаанд 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар -2–5°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар дулаан, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэдзарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 2–4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй.

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 3– 5°С-аар хүйтэн байна. Сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ