Б.Ганхуяг миний Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгээс зохион байгуулж байгаа “Нүүрсний сонсгол”-д хэлэх үг, байр суурь, асуултын томьёолол

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гэрчээр орол­цогчийн хувьд тодруулах зүйл байна.

1.Та бүхний зүгээс ямар шийдвэр гаргаж чадах вэ?Энэ нь ямар хүчин төгөлдөр эрх зүйн акт болох вэ?

2.Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ?Эрх зүйн хамгаалалт гаргаж өгнө үү.

Намайг, биднийг, миний гэр бүл, төрөл садан, найз нөхөд, хамт олныг  хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэлт эхлээд 370 гаруй хоног буюу бүтэн жил гаруй боллоо. Энэ хугацаанд надтай хамаарах  96 хүнийг хоморголон  баривчилсан, цагдан хорьсон, байцаасан, хэрэг тулгасан, залхаан цээр­лүүлсэн, дарамталж айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн 130 гаруй удаагийн харгис, ёс бус үйлдэл гаргаж ардчилсан улсад хэзээ ч байж боломгүй  улс төрийн захиалгат, зохион байгуулалттай өргөн хэм­жээний хэлмэгдүүлэлт явуулж  одоо ч хэвээр үргэл­жилсээр байна. Өөрөөр хэлбэл бүтэн жил гаруй хугацаанд цагдан хорьж Авлигатай тэмцэх газраас прокурорт, прокуророос шүү­­хэд шилжүүлчихээд байхад бидэнд огт хамаарал­­­гүй асуудлаар дахин дахин гэрчийн мэдүү­лэг авах,  байнга дуудах, хэрэг тулгах, мөрдөн мөшгөх, тагнаж чагнасаар байгаа нь эхлүүлсэн хэлмэг­дүүлэл­тээ далдлах гэсэн са­наа, хүмүүсийг байн­гын дарамтад байлгаж байгаа хууль бус үйлдэл гэд­гийг хангалттай нотлож байна.

Мөн бүтэн жил гаруй хугацаанд намайг тэнд хорьж, надтай хамаарал бүхий бүх хүнийг хуулийн дарамтад байлгаж байгаад УИХ, ЗГ, намууд, бүх хэвлэл мэдээлэл зөвхөн над руу буюу нэг хүн рүү ичгүүртэйгээр дайрч, гүтгэж, харлуулж, энэ нийгэмд байгаа бүх муу муухайг нэг хүн рүү чихэж, өөрсдийн үйлдсэн хэрэг, бузар булхайг хүртэл тохох гэж зүтгэсэн нь дэндүү арчаагүй байлаа.

Иймээс миний, бидний зовлонгоор жаргах замаа засаж яваа нөхдөд сануу­лахад би та нараас хүн ча­нарын хэлтэрхий ч нэхэхгүй, харин эр хүний өчүүхэн жу­даг гаргаж өдөр тутам барь­­цаалсан хуулийнхандаа өг­сөөр байгаа чиглэлээ зог­соохыг хатуу шаардаж байна.

Та нарын албан тушаал, эрх мэдэл, эдийн шунал чинь арай бидний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн энтэй тэнцэж байна гэж төсөөлсөөр байна уу?

Би маш олон зүйлийн талаар үнэнийг нийтэд ил тодоор мэдээлж чадна.Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой олон зүй­лийн үнэнийг хэлж чадах хүн.Учир нь “ЭТТ” ХК бол миний хувьд миний гэр бүл, үр хүүхдийн адил хэмжээнд хүндлэгдсэн, хайрлагдсан компани, хамт олон.

“ЭТТ” ХК-ийн үйл хэрэг бидний хичээж зүтгэсний үр дүнд урьд, хойчдоо ч төсөө­лөхөөргүй сайн байс­ныг би баталж чадна.Ийнхүү  сайн,  амжилттай байс­наар миний хэтийн ирээдүй  тодорхойлогдож, цаашдын зорилго маань улам тодорч байсан. Тиймээс ч би “ЭТТ” ХК-д ямар  ч хулгайг нүүрлүүлэх нь бүү хэл хар сүүдэр ч ойртуулалгүй хам­гаалж, улс­төрчдийн дарамтыг үл тоон, дарга нарын бус иргэдийн компани болгохын төлөө зүтгэж байсан нь үнэн.

“ЭТТ” ХК-ийг компани шиг компани болгож, олон улсын жишиг бизнес зар­чимд шилжүүлж, ашигтай ажил­луулж эхэлсэн нь үнэн.Цаашид ч өндөр ашигтай ажиллаж тогтмол ногдол ашгаа төрд, иргэдэд олгодог тогтол­цоог бий болгож чад­сан. Энэ нь иж бүрэн төсөл болон хөгжиж олборлолт, ачилт, боловсруулалт /НБЧ/, тээвэрлэлт /2 чиглэлтэй төмөр зам/, амьдрах орчин /дэд бүтэц, хот, хотхон/ бүрдсэн хөтөлбөр буюу “А6-20” бизнес төлөвлөгөөнд тусгагдсан. Өөрөөр хэлбэл ямар ч иргэн, айл өрх амьдралын төлөвлөгөөгөө аль болох урт хугацаанд сайн төлөвлөдөг бол үүнтэй агаар нэг ямар ч компани очих газраа урьдчилан харж нарийн судалсан концепцтэй байдаг жамтай.Энэ нь “ЭТТ” ХК-ийн хувьд “А6-20” бизнес төлөвлөгөө юм. Монгол улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”  хөтөлбөрийн эдийн засаг, санхүүгийн суурь нь “А6-20” бизнес төлөвлөгөө болсон. Гэтэл өнөөдөр яг үүний эсрэг төлөвлөөгүй, социалист дүрэм ЭТТ ХК-д үйлчилж иргэдийн биш, Сангийн яамны төсвийн цоорхой нөхдөг татварын тасаг  болон хувирчээ.

Бид 2020 онд анх удаа Монгол улсын 2.5 сая ир­гэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигчдэд компанийг ашиг­­тай ажиллуулсан аш­гаас ногдол ашиг өгсөн нь үнэн. Өмнөх хугацаанд  иргэдийн хувьцааг мөнгөөр худалдан авч байсан бо­лохоос хувьцаанд нь ашиг өгч байгаагүй. Харин “А6-20” бизнес төлөвлөгөө батлагдаж мөрдөгдсөнөөр  “ЭТТ” ХК  жил бүр өндөр ашигтай ажиллаж төрд, иргэддээ ч ногдол ашиг тогтмол өгөх боломжтой болсон. Энэ нь 2022 онд компани 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж “А6-20” бизнес төлөвлөгөө буруу биш байсныг нотолсон ч хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг олгоогүй. Бид­ний тооцолсоноор 1072 хувь­цаатай нэг иргэнд 126.000 төгрөгийн ногдол ашиг өгөх байсан.Гэтэл иргэдэд биш төрд татвар нэрээр ашгийг нь хураалгасан нь бизнесийн зарчим зөрчигдөж, буруу тогтолцоо руу явж байгааг харууллаа.

Компани улстөрчдийн, дарга нарын дор ажилладаг бус бизнесийн зарчимд тул­­­­­гуурлах ёстой. Би “ЭТТ” ХК-д ямар ч улстөрчийг, бүлэг­лэлийг, тэр дотроо нүүрс­ний гэх хууль бусаар олон жил  хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан нь үнэн. Тэрнийхээ гайг, өшийг өнөөдөр үзэж өөрийгөө ч, гэр бүлээ, өрөөлийг ч зовоож байх шиг байна.Үнэндээ ажилд хүн оруулахыг шахахаас эхлээд тэр ч тендер, энэ ч гэрээг тэрэнд энэнд өг гэж доромжлох нь наад захын хэрэг байсан.Харин  би  тэдний даварсан санаа, дураар аашлалт, зоргоороо зорилгыг зогсоож ойртуулаагүйдээ  олон ч улс төрчдийн дургүй зэвүүг хүргэсэн нь тодорхой. Зарим нь ч энд сууж байна.Тэглээ гээд би зарчимаасаа ухраагүй, цаашид ч хатуу байх зүрх надад бий.

Бид Монгол Улсад 1975 онд хийгдсэн Эрдэнэтийн хэмжээний их бүтээн бай­гуулалтаас хойш хийг­дээ­гүй байсан “Их бүтээн бай­гуулалт”-ыг эхлүүлсэн нь үнэн. Удаан хугацаанд гацсан төмөр замын ажлыг эхлүүлж дуусгасан.Шинээр  Зүүн баян төмөр замыг төлөвлөж бүтээн байгуулсан, хувийн хэвшлийн төмөр замууд бий болох замналыг бүрдүүлсэн, нүүрс угаах үйлдвэр, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг ол­ноор төрүүлэх гарааг эхлүүл­сэн. Энэ Таван толгой-Гашуун­сухайт төмөр замыг ашиг­­ласнаар биднийг хэрэл­дүү­лээд, хэлмэгдүүлээд байгаа тээвэр, хил, гаалийн гэх мар­гаан эцэслэгдэж 1 тонн.км нүүрсийг 400 ам.дол­ларт хүрсэн ханш 16 ам.доллар болгож 20 дахин зардлыг бууруулах боломж үүснэ. Тэгтэл одоо тэр төмөр зам ашиглагдаж эхэлсэн үү, хил холболтын зам хийгдсэн үү.Үгүй л болов уу.Харин ажил хаягдаад бүтэн жил хэрүүл, хэлмэгдүүлэлт дунд явлаа.Ер нь төр, тэр тусмаа Монголын төрд зүтгэх ямар том эрсдэлтэй, хувь хүний хувьд яаж хохирдог болохыг би бие, сэтгэл, гэр бүл, орчин тойрныхонтойгоо хамтдаа мэдэрцгээлээ.

Яагаад Монголд хийгдэх гэж байгаа төсөл болгоны ард хэн нэгнийг золиослосноор зогсож, тэр нь эргээд Монгол­доо, иргэдэд өгөх ашиг орлого биш, хэрүүл тамын тогоо болж хувирдагийг мэдэх үү.Учир нь гаднын хэн ч бай Монгол Улсыг бүх бараа бүтээг­дэхүүнээ Монголдоо үйлд­вэрлэж, Монгол хүн ажилтай, өндөр орлоготой байлгахыг хэзээ ч хүсэхгүй нь тодорхой.Аль болох хооронд нь муудалцуулж хэрэлдүүлж байх нь тэдний зорилго.Тэ­­рийг нь ч бид мэдсээр байж хэрэлдэж муудалцаж, хийж чадаж байгаа нь нэг­нээ шоронд хийж, тамын тогоон­доо зодолдсоор ир­сэн нь үнэн.Энгийн  жишээ  хэлэхэд  Улаан­­баатар хотынхоо цэвэр­лэх байгууламж, бохирынхоо асуудлыг ч шийдэж чадахгүй  30 жил өмхийтэйгөө зууралд­санаа гайхацгааж өнөөдөртэй золголоо.

Бид хийсэн ажлаа тоочоод байвал олон арван өдөр хүрэл­­цэхгүй.Хийсэн зүйл, хэлэх үгтэй байх сайхан.Улаан­баатарын утааг багас­гасан нь үнэн.Ковидыг ард нийтээрээ давах ажлын 50 хувийг бид үүрсэн нь үнэн. Улаанбаатарын утаа буурсны ачаар, ковидыг амжилттай давж гарсны үрээр, “ЭТТ” ХК-ийн дэмжлэгээр бүтсэн бүх ажлын  үр дүнгээр манай нам олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн. Мөн “ЭТТ” ХК нь Мон­голд байхгүй ил тод нээлттэй компани болсон байсан.Шилэн данс, санхүү, тендер, гэрээ, хүний нөөц, архив, бичиг баримт гээд бүх зүйл нь рентгенээр харсантай адил ил байсныг сэтгүүлчид андахгүй. 1072 мэдээллийн төв 24 цагаар тасралтгүй ажиллаж иргэдэд, жолооч нарт,  уурхайчдад, сэтгүүлчдэд бүх мэдээллийг утсаар, ца­хим хаягаар харамгүй өгч бай­сан нь саяхан. Гэтэл одоо хаалт­тай,  харанхуй  компани болжээ.

Намайг “ЭТТ” ХК-ийн гүй­­­цэт­­гэх захирал болсон цагаас эхлэн төрийн хяналт нэг ч өдөр тасралтгүй хянадаг байсан. УИХ-ын гурван удаагийн, Засгийн газрын 14 удаагийн, Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн гурван удаагийн, санхүүгийн таван удаагийн, ТЕГ, ГЕГ, СЗХ, ШӨХТГ, МХЕГ, АМГТГ-ын хамтар­­сан болон дагнасан 12 удаа­­гийн, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтар­сан бо­лон дагнасан дөрвөн удаагийн бүрэн хэм­жээний хяналт, шалгалт, бай­­цаалт, мөрдөлт хийгдэж дөрвөн жил таван сар ес хо­ногийн хугацаанд нийт 41 удаагийн шалгалт явагджээ. Эдгээр шалгалт, хяналтын тай­лангийн үр дүнгүүд ту­хайн үедээ зөрчилгүй гараад байс­ны учир хаана  байна. “ЭТТ” ХК-ийн бүхий л  үйл ажиллагаа, тө­сөл хөтөл­бөр, тендер, гэрээ, үйл­дэл бүхэн төрийн эрх бүхий байгууллагын хяналт, шийдвэр, баталгаатайгаар  хэрэгжиж байсныг манай хамт олон мэднэ. Би, бид дур мэдэн том толгойлж хийсэн ажил нэг ч байхгүй, бүх зүйл шийд­вэрийн хүрээнд хэрэгжиж бай­сан. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн дөрвөн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрвөн шийд­вэр,  УИХ-ын 11 тогтоол, Засгийн газрын 59 тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын зургаан захирамж, УУХҮЯ-ны сайдын 68 удаа­гийн шийдвэр, чиглэл, удир­дамж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захир­лын 93 удирдамж, шийд­вэр, “ЭТТ” ХК-ийн хувь­цаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн 180 гаруй тогтоол, эрх ол­госон шийдвэр, төсөл, гэ­рээ баталсан баталгаа зэрэг 427 шийдвэрийг удирдлага болгож, хэрэгжилтийг нь хан­ган ажилласан. Гэтэл эд­гээр олон удаагийн хяналт шалгалт дор эрх бүхий бай­гуул­лагын шийдвэрүүдийн хүрээнд өндөр ашигтай, зөр­чилгүй, бизнес зарчмаар ажил­­лаж байсан компанийн үйл ажиллагааг өнгөрсөн зуунд хүчин төгөлдөр үйлчилж  бай­­­сан  1991 оны  БНМАУ-ын хуу­лийг хэрэглэж хууль бус шийдвэрээр “Онц байдал”  гэгчийг “ЭТТ” ХК дээр зарлаж, социалист үе рүү буцаж алх­лаа. Одоо “ЭТТ” ХК-д бизнес зарчим устаж, хаалттай болж, уурхайчид хөлсний ажилчин мэт зүтгэхээс өөр сэтгэл хөд­­лөлгүй болж, хамт олны уур амьсгал хүйтэрч, залуус  урлаг спортын дэмжлэггүй болж, төрд татвар төлөхийн төлөө зүтгэгч машин, машины эрэг боолт төдий болжээ.

“ЭТТ” ХК-ийн уурхай ч гундаж эхэлсэн сурагтай.Үнэн гэдгийг зүрх, тархиараа мэдэрч байна.Уг нь ажилчид, уурхайчид чинь монгол хүн энэ уурхай, энэ улсыг нуруун дээрээ үүрээд явж бай­гаа баялаг бүтээгчид юм шүү.Төрчдөө, социалист төлөө­лөгч өө.Бид уурхайг өнгөтэй болгож, босгож ирсэн нь үнэн.Хэн ч, хэзээ ч надтай энэ асууд­­лаар маргаж, үр дүнг бу­лаа­­цалдах эрхгүй.Олон жил гэр кемпэд байсан уурхайчид зориулалтын хотхонтой бол­сон. Контейнерт байрлаж байсан оффисыг орчин үеийн оффистой болгож, ажилчид, уурхайчдын цалин, үр дүнг 80 хувь нэмж, тогтмол өсдөг тогтолцоог бүрдүүлснээс гадна компани өөрийн тех­никтэй болж эхэлсэн.

Надад улс төрийн нэг ч дайсан байхгүй.Харин ми­ний хийсэн, зүтгэсэн, хөдөл­­­мөрлсөн, бүтээсэн, бус­­­дад бодитоор харуулж чадсан үр дүн, амжилтад атаар­хагчид 10, 20-иороо байгаа байх.Бас тэдний захисан, шаардсан, хууль бус зүй­лийг хийгээгүйн төлөө хон­зог­ногчид ч цөөнгүй байх.Гэсэн ч эсрэгээрээ бид­ний ажил хийж чаддагийг харсан, мэдсэн, цаашид ч хариуцсан ажлаа хэнээр ч чиглүүлэхгүй хийж чадахыг мэддэг, ямар ч өндөр даваа, хүнд ачааг үүрээд гарах чад­вартайг мэдэх, дэмжих олон мянган монголчууд байгаа.Ер нь Монголд ажилсаг нь асуу­далд ордог, залхуучууд нь зүгээр үлддэг хууль үйлчлээд удаж байна.Зориг гаргаад зог­­­­солтгүй зүтгэгсэд нь дандаа муулуулж, баалуулж, гүт­гүүлж, доромж­луулж бай­даг бол зүгээр хатавчны ард хэвтчихээд хүн муулж, хор хутгагчид магтуулан мандсаар байгаа нь шударга ёсонд нийцэн гэж үү.Эцэст нь дахин хэлэхэд намайг хориод нэг жил гаруй болчихлоо.Хэн хожсон бэ?Бидний суурь тавьж үлдээсэн “ЭТТ” ХК ашигтай ажилласнаас бус­даар яаж гийгүүлэв.Аш­гаа­саа иргэдэд ногдол ашиг өгсөн үү, эсхүл төр хүчээр тат­вараа л авсан уу.Нүүрс бая­­­жуулах үйлдвэрийг ашиг­­­­лалтад оруулж чад­сан уу. Өмнийн говьд олон компани хүнд, хөнгөн үйлд­вэрээ  байгуулахаар хөдөлц­гөөсөн. Яасан, захирлуудыг нь бас бариад хорьсон уу. 21.000 ажлын  байр бий бол­гож чадсан уу. Хотоо барьж дуусгав уу.Эсхүл ажил нь зогссон уу.Бүгд гацсан бололтой.

Монгол дахин хожигдлоо.

 Монголын  нийт  хэвлэл  мэдээллийн байгууллагын удирдлага, редакцууд болон эрхэм сэтгүүлч танаа

Хэвлэлийн “Цагаатгал” хүсэх тухай

Нүүрсний хохирогч Б.Ганхуяг миний бие хилс хэрэгт гүтгэгдэж, тохсон  хэргийг хүлээгээгүй гэх шалтгаанаар хэлмэгдэж, цагдуулан хоригдсоор байна.

Ардчилсан Монгол Улсад улс төрийн хоригдогч болон бүртгэгдсэн миний хувьд УИХ-аас зохион бай­гуулсан “Нүүрсний сонс­гол” нь улс төрийн “цагаатгал”-д хүргэх гүүр, үнэн үгийн индэр гэж үзэн оролцох хүсэлтээ бүх шатанд хүргүүлсэн. Гэвч тэд “Нүүрсний сонсгол”-д гэрч, хохирогчоор дуудсан саналаасаа буцаж,  дахин хууран мэхэллээ. Тэд үнэнээс нүүр буруулцгааж, хэний ч өмнөөс эгцэлж харах эрхгүй болтлоо бохирд­жээ.Цаашид ч ард түмнээсээ үнэнийг нууж, мөнгөөр хуурч, саналыг нь ч, амьдралыг нь ч хулгайлсаар байхыг илүүд үзлээ.Тэд яг юунаас, хэ­нээс ингэтлээ айж болгоом­жил­соор бай­гааг асууж өгөхийг сэтгүүлч­дээсээ хүсье.

Би, миний дотор хүн хэзээ ч хилс хэрэг хүлээж чадахгүй нь.Яагаад ч сэт­гэлд багтахгүй байна.Мөн хэлмэгдүүлэлтийн дэр­гэдүүр чихгүй мэт өнгөрч, тэдний өмнөөс золиос­логдож чадахгүй гэдгээ цагдан хоригдсон нэг жилийн хугацаанд яс махандаа тултал ойлгож, хүний эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр шийдвэрлэлээ.

Надад тохон тулгахаар улайран зүтгүүлж байгаа “Чингис хаан” банкинд 2019 онд байсан хадгаламжийн үлдэгдэл мөнгийг татаж аваагүй гэх асуудал буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 тэрбум төгрөг нь миний гомдлоор 2020, 2021 онуудад Иргэний хэргийн анхан, дунд, дээд шатны шүүхүүдэд ялсан ялалтаар хамгаалагдаж, “Чингис хаан” банкны зүгээс “ЭТТ” ХК-д 40 тэрбум төгрөгийг хүүгийн хамт 56.9 тэрбум төгрөг болгон өгөх үүрэг хүлээгдэж, одоо хүртэл тухайн банкандаа байгаа, төлбөрөө төлөх боломж нь бүрдчихсэн үйл явц юм. Иймд хохирогч талыг гэм буруутайд тооцох ямар ч үндэслэлгүй.

Гэтэл намайг хүчээр цагдан хорьчихоод нэг жил гаруйн хугацаанд миний сонсож ч байгаагүй, огт мэдэхгүй асуудлыг, эсвэл миний хийсэн амжилт үр дүнг хүртэл гэмт үйлдэл мэтээр харлуулж, гуйвуулж гүтгээд зогсохгүй надгүйгээр миний нэг ч үг, өчиггүйгээр яллах, гуйвуулж ганцаардуулж  байгаа нь Монголд орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт зүй ёсоор эхэлснийг нотолж, улстөрчдийн арчаагүй гутамшигт үйлдэл гэдгийг харууллаа.

Намайг захиалж, золиослохыг хүсэгч улстөрчид албан тушаал, эрх мэдэлдээ галзууртлаа дурлаж эрээ цээрээ алдаж, амь тэмцэн зууралдсаар өдөр хоногийг арай ядан аргалсаар өнөөдөртэйгөө золгож байгаа ч маргааш юутай учирч, ямар алдаа гарч, Монголын хөгжилд, иргэддээ хэр хэмжээний хохирол учруулж байгааг тооцоолоогүй, бодох ч тэнхэлгүй хэвээр байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Би эрхэм сэтгүүлч танаар дамжуулан үнэн шударгын туйл гэгддэг улстөржиж амиа зогоож байгаа нөхдөд хандан “Нээлттэй, иргэдийн өмнө шударгаар мэтгэлцэх”-ийг уриалан дуудаж байна.

Би одоогоор та бүх­ний захиалсан хэргийг хүлээ­гээгүй, зөвхөн улс төрийн золиос  төдий байгаа бөгөөд ямар нэгэн ял зэм хүртээгүй, эрхээ хагас хязгаарлуулсан “шалгуулагч” төдий буюу иргэн хүн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, гадуур шал­гуулах, байцаагдах, хяналт дор эрх бүхий газрын /УИХ/ шийдвэрээр сонсгол, мэдээлэл, мэтгэлцээнд хүртэл оролцох бүх боломж нээлттэй байгааг Шүүхээс мэдэгдсэн.

Мөн сэтгүүлч  танд болон таны гэр бүл, аав ээж, эгч дүү, найз нөхөд, таньдаг хэнд ч бай хилс хэрэг тохсон, эрүүдсэн, хэлмэгдүүлсэн аливаа бүх үйлдлийн эсрэг миний бие хамтдаа зогсож, улс төрийн “цагаатгал”-ын хамгийн сайн  судалсан, өөрийн биеэр зовлонг амсаж мэддэгийн хувьд тэдгээр хүмүүсийн нэр төрийг сэргээх, хэлмэгдүүлэлтийг зогсоох үйл хэрэгт өөрийгөө зориулж, тэмцсээр байх тул Та бүхэн бидний хооронд гүүр  болж холбохыг хүсье.

Сэтгүүлч таныг хүндэтгэсэн:

Нүүрсний хохирогч, улс төрийн хоригдогч Б.Ганхуяг

Жич: Миний бие нүүрсний сонсголд хэлэхээр бэлтгэсэн үг, байр суурь, товч мэдээллийг дөрвөн хуудсанд багтаан танд хүргүүлсэн. Надад миний хийсэн ажил, үр дүн болон намайг буруут­гасан асуудлын зөвтгөл, баримт, нүүрсний чухал гэх 512 хуудас бүхий материал байгаа болно.

Эх сурвалж:DNN.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    иргэн (202.172.143.56)
    Би бол цэвэр бусдын булхайг мэднэ гээд л байхаар шударгаар но-той ноцтой хүмүүсийг нэртэй нь баримтаар нь олон түмэнд ил гаргаад хэлээч дээ.Өөрөө нүүрсний хулгайн торонд орчихсон юм биш үү
    2023 оны 12 сарын 21 | Хариулах