Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудыг Дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлэх баримт материалыг бэлтгэж эхэллээ
“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал Дэлхийн өв болох нь” Дэлхийн өвийн номинацийн бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 12-р сарын 14-нд болов.
Хэлэлцүүлэгт Соёлын дэд сайд М.Батбаяр нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн нар оролцон, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв.
“Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлэх баримт материалыг боловсруулан бэлтгэж, Конвенцын шаардлага, шалгууруудыг хангасан болохыг үндэслэн нотлох зорилго бүхий “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” төслийг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ЮНЕСКО-гийн батламжит ТББ-аас 2023 оны 12-р сарын 1-нээс 2024 оныг дуусталх хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн баг дээрх байгууллагын төлөөлөл болон Хүннүгийн язгууртны булшны судалгааг гардан гүйцэтгэсэн археологийн мэргэжлийн судлаачид, Дэлхийн өвийн номинаци бэлтгэж байсан туршлагатай мэргэжилтэн, дурсгалын хамгаалалтын бүс болон нөлөөллийн бүс зэргийг өндөр нарийвчлалтай тогтоох геодези, зураг зүйн мэргэжилтэн, мэргэжлийн орчуулагчдаас бүрдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ