Нүүрсний сонсголын II шатны хоёр дахь өдрийн сонсгол үргэлжилнэ
Төрийн ордонд: УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний асуудлаарх ээлжит нээлттэй сонсгол үргэлжилнэ.
Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өчигдөр эхэллээ. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.
Сонсголын хоёр дахь үе шат өчигдөр эхэлж, таван өдөр үргэлжилнэ. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ