Т.Батцогт: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар нийслэлийн АН-аас мэдэгдэл хийж байна.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт “Тэрбээр "Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа. 

Нийслэлийн Засаг даргаар томилогдсон зургаа дахь хоногтоо "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна. 

Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 53 дахь хоногтоо хотын татварыг хоёр хувь болгон нэмсэн. ААН-үүдийн татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйлчилгээг хаан боогдуулах, иргэдэд хүрэх үйлчилгээний өртөг нэмэгдэж, айл өрхүүдэд санхүүгийн дарамт болох шийдвэр гаргалаа.

Нийслэлийн 2024 оны төсвийг ₮1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татварын орлогоор бүрдүүлэх шийдвэр гаргасан.

Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар зарим арга хэмжээ авах тухай захирамжлахдаа энэ сарын 18-ны өдрөөс ирэх сарын 31-ний өдрийг дуустал автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, тэгш, сондгойгоор явуулах болсон нь нийтийн тээврийн хүртээмжгүй, автобусны парк шинэчлэлийг МАН-ын өмнөх дарга нар хулгайлсан энэ нөхцөлд нийслэлчүүдийг гадаа -30 градус хүйтэрч байхад хувийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь иргэнийг эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдруулах эрхийг ноцтой зөрчиж байна.

Энэ захирамжаар иргэн бүр тэгш эрхтэй байх ардчилсан нийгмийн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Захирамжийн 1.2 дахь хэсэгт тодорхой байгууллага, салбаруудыг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх тухай тусгасан нь нийгмийн тэгш байдлыг алдагдуулах үндэслэл мөн.

Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэн дараах хоёр шаардлагыг гаргаж байна.

Нэгдүгээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсан явдалдаа уучлал гуйж, А 1429-р захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.

Хоёрдугаарт Монгол Улсын засаг захирган, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65.1.2 дахь заалтад нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, тус хуулийн 65-р зүйлд заасны дагуу засаг даргад хариуцлага тооцох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг НИТХ-ын төлөөлөгчид уриалах, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг огцруулах шаардлагыг хүргүүлж ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ