Гавьяат тамирчин Б.Шоовдор: Дэлхийн аваргын хүрэл медалиа яг зүүдэлсэн
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн дараалж медаль хүртсэн хоёрхон бөх Монголд бий. Эхнийх нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга З.Ойдов. Удаах нь гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт Б.Шоовдор. З.Ойдов дэлхийн аваргын тэмцээнд 1974, 1975 онд манлайлж, 1977 онд хүрэл медаль зүүсэн бол Б.Шоовдор 2018, 2019, 2021 онд хүрэл медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл З.Ойдовын амжилтыг Б.Шоовдор 44 жилийн дараа давтсан аж.
Өдгөө АНУ-д амьдарч буй Б.Шоовдор гавьяаттай цахимаар ярилцлаа.
-Та хэзээ АНУ явчихав? Ямар хотод амьдарч байна вэ?
-Эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн зургадугаар сард АНУ-д ирлээ. Хагас жил болж байна. Чикаго хотод ирээд удаагүй ээ. Цаашдаа энд суурин амьдрах бодолтой байгаа. Өмнө нь би Вашингтон диси, Пенсилван-Эри хотод амьдарсан.
-Нууц биш бол ямар ажил хийж байна вэ?
-Ирээд янз янзын ажил хийсээн. Хэсэг бөхийн дасгалжуулагч ч хийлээ. Одоохондоо маникюрын дамжаанд сурч байгаа.
-Чөлөөт бөхөө орхисон гэж болох нь ээ. Үнэндээ таныг Парисын олимпын дараа барилдахаа болих байх гэж бодож байлаа...
-Тийм ээ, намайг чөлөөт бөхийн спортоос хөндийрсөн гэхэд болно оо. Олимп бол тамирчин болгоны мөрөөдөл шүү дээ. Би ч бас мөрөөдсөн, зорьсон. Даанч бэртэл гэмтэл бас бус зүйлээс болоод чөлөөт бөхөө орхилоо. Ер нь тамирчид тэр тусмаа их спортынхон бэртэл гэмтэлгүй байна гэж бараг үгүй л болов уу. Гаднаасаа эрүүл, сайхан бие хаатай харагддаг байх л даа. Миний хувьд бэлтгэл, тэмцээн, амжилт гэж яваад, хийлгэх мэс заслаа хойшлуулаад л байсан юм. Бэртлүүд ч улам сэдрээд, хэцүү байсан. Хагалгаанд орох гэхээр доод тал нь нэг жил гам барих хэрэгтэй. Буцаж бэлтгэлээ хийгээд, формдоо орох гэсээр байтал ахиад нэг жил шаардлагатай. Энэ бүхнийг шүд зуун тэсэж тэвчсээр өдийг хүрчээ.
-Барилдахаа болих шийдвэр гэнэтийнх байсан уу? Эсвэл төлөвлөсөн үү?
-Ер нь маш удаан бодож тунгаасны эцэст гаргасан шийдвэр гэхэд болно. Үнэнийг хэлэхэд тийм ч амар байгаагүй ээ. Гэр бүлийнхэн, багштайгаа ярилцаад л болихоор шийдсэн.
-Танай ажлынхан Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт шилдэг бөх гэдгийг чинь мэдэж байв уу?
-Сайн мэдэхгүй байсаан. Гэхдээ чөлөөт бөхөд хайртай, дуртай хүмүүс мэддэг юм билээ.
-Ямар тэмцээнд хамгийн сүүлд зодоглож, ямар амжилт гаргав?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн миний сүүлийн тэмцээн байсан. Жин өгсөж 65 кг-д барилдаад медаль хүртэж чадаагүй ч сүүлчийн барилдаандаа цэвэр ялж, дэвжээнээсээ буусан шүү. Энэ тэмцээнд эхний хоёр тойрогтоо ялагдаад, сүүлийнхэд нь ялсан. Азийн аваргын өмнө улсын аваргадаа 65 кг-д дөрөв ялж түрүүлсэн юм.
-Хойшдоо жин өгсөнө гэж ярьсныг чинь санаж байна...
-Тийм ээ. Би 2022 оны дэлхийн аваргын сорилгод ялагдаад, хэсэг амарсан. Тэгээд эргээд бэлтгэлдээ орохдоо багштайгаа ярилцаж зөвлөсний эцэст жин өгсөхөөр болсон юм. Ерөнхийдөө 12 жил 58-60 кг-д барилдсан байна билээ, би.
-Их спортоо, дэвжээгээ санах юм уу?
-Нэгэнт ийм шийдвэр гаргасан болохоор бүх зүйлд бэлтгэлтэй энд ирсэн гэх үү дээ. Гэхдээ би олон жилийг бөхөд зориулж. Тэгээд одоо боловсрол, хувийн амьдралдаа жаахан анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан.
-Дасгалжуулагчийн албанд шилжих бодол бий юу?
-Энд ирээд хэсэг дасгалжуулагч хийсэн. Их спортдоо эргэж орох сонирхол бас бодол одоохондоо алга аа. Нэг хэсэгтээ бүр хөндийрч байгаад дасгалжуулагч болно л гэсэн бодолтой байгаа.
-Ер нь яаж яваад чөлөөт бөхтэй холбогдчихов?
-Энэ спортод их сонин орсон гэх үү дээ. Зурагт үзэж байгаад л аавтайгаа ярилцсаны эцэст шийдвэр гаргаад, энэ спорт руу эргэлт буцалтгүйгээр яваад орчихсон доо. Намайг дөнгөж барилдаж эхлэхэд үеийнхэн маань бүгд шигшээ багийн мундаг тамирчид, гавьяат тамирчин, ОУХМ цолтой болчихсон байв. Би тэгсэн дөнгөж шинэ хүн. Өнхрөлт, өрөө заалгаад л явж байлаа. Дуртай болохоороо өдий хүртэл барилдсан болов уу даа. Олон эгчтэй, зарим нь дургүйцэж, "Эмэгтэй хүн юм чинь боловсролдоо анхаар" л гэж зөвлөсөн юм.
-Таны анхны багш...
-Хан-Уул дүүргийн Энхтөр гэдэг багш чөлөөт бөхийн а үсэг заасан анхны багш минь юм. Дараа нь Батням багш дээр очсон. Тэгээд сүүлийн хэдэн жил Сумьяа багш дээрээ бэлтгэл хийсэн. Энэ 12 жилийн хугацаанд надад олон сайхан багш зааж зөвлөсөн. Тэдэндээ бүгдэд нь баярлаж талархаж явдгаа хэлье.
-Анхны тэмцээндээ ямар амжилт гаргав?
-Анхны тэмцээн маань оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа. Тэр үе чинь 2011 он. Хэдэн тойрог барилдсанаа санадаггүй ээ. Уг тэмцээнээс би хүрэл медаль авсан.
-Та гурван дэлхийн аварга дараалж медаль авсан хоёрхон монгол бөхийн нэг...
-Баярлалаа. Үүнийг сонсох бүртээ өөрөөрөө жаахан бахархдаг гэх үү дээ (инээв).
-Бас дөрвөн дэлхийн аварга дараалж медалийн төлөө барилдсан цорын ганц монгол бөх юм билээ...
-Тийм ээ, сайхан сонсогдож байна. Баярлалаа.
-Дэлхийн аваргын гурван хүрлийнхээ өнгийг өөрчлөх боломж байсан уу?
-2018, 2019 оны дэлхийн аваргын бэлтгэл үнэхээр сайн байлаа. Тийм боломж тун их байсан гэж хэлж болно. Би барилдахдаа оноолтоо огт хардаггүй, биеэ халаахдаа л хаанахын хэнтэй таарснаа багшаасаа асуудаг зуршилтай. Өрсөлдөгчөө ялчихаад орж ирээд, "Одоо би хэнтэй вэ?" гэж асууна. Энэ нь надад амар байдаг л даа. 2018 оны Будапештийн дэлхийн аваргын эхний тойрогт АНУ-ын Буркерттэй таарсан. Бие хаа нь үнэхээр аймаар, дээр нь америк бөхчүүд чөлөөтэй, задгай барилддаг. Тун ширүүн, хүнд барилдаан болж, 1:1-ээр би сүүлийн оноогоор ялсан. Хоёрдугаар тойрогт өмнөх жилийн Азийн аваргын мөнгөн медальт, Энэтхэгийн Сарита Морыг 10:0-ээр оноогоор цэвэр ялаад, хагас шигшээд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аварга, Туркийн Есилирмакад 1:11 оноогоор цэвэр ялагдсан юм. Уул нь эхний үед 1:0-ээр хошуучилсан ч хоёрдугаар үед хөлдөө алдаад, тэрнээсээ крестэнд орж ялагдсан. Бэртэлтэй үеэр холбоод, хамгаалж болдоггүй. Тэгээд л дууссан даа. Хүрэл медалийн төлөө Мексикийн Бониллатай барилдсан. Цаг дуусах гэж байдаг, би 2:2-оор сүүлийн оноогоор хожигдож яваа. Долоон секунд үлдлээ. Цагтай уралдаад л хоёр оноо авч, 4:2-оор дийлээд, дэлхийн бөх болсон. Тэр барилдааныхаа бичлэгийг одоо хааяа үзэхээрээ бас сандарна шүү (инээлээ). 2019 онд Казахстаны Нурсултан хотод болсон дэлхийн аваргад медалийн өнгөө хувиргах зорилготой очлоо. Эхлээд Румыны Жидачевскаг 4:0-ээр, дараа нь Германы Папусжевскиг 6:2-оор хожоод, хэсгийн аваргын төлөө "Будапешт-2016" дэлхийн аваргын хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга, Канадын Мораист 1:3-аар ялагдчихсан. Хожих боломж байсан ч би тэрнийгээ ашиглаагүй биз. Мораис түрүүлсэн юм. Өмнө нь би түүнийг хоёр ялж байлаа. Тэгээд хүрлийн төлөө залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Украины Лыжакийг оноогоор цэвэр ялж, дэлхийн аваргын медалиа хослуулж байлаа.Үзэгчдийн суудлаас аав маань үзээд л, би аавынхаа нэрийг дуудуулаад л. Тамирчин хүний хамгийн сайхан мөч юм даа. "Осло-2021" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт Европын наадам болон Европын аваргын мөнгөн медальт, ОХУ-ын Липатоваг 2:1-ээр ялаад, шөвгийн наймд залуучуудын дэлхийн аварга, 23 хүртэлх дэлхийн аваргын мөнгөн медальт, Японы Ханайд 0:6-гаар хожигдчихсон. Тэр япон финалдсан тул би дагах барилдаанд Казахстаны Каюмоваг 6:0-ээр хожиж, хүрлийн төлөө барилдах боллоо. Ингээд залуучуудын дэлхийн болон Пан Америкийн аварга, АНУ-ын Нильсоныг 4:3-аар илүүрхэж, гурван дэлхийн аварга дараалж, хүрэл медаль хүртсэн. Америктэй хийсэн барилдаан маш хүнд болсон. Хожсондоо баярлаад л, толгой эргээд л, дэвжээнээс бууж байна гээд яваад байсан чинь ерөнхий шүүгч рүү оччихсон байлаа (инээв).
-Түүх бүтээснээ мэдэж байв уу?
-Үгүй ээ, мэдээгүй.
-Таны дархан мэх...
-За даа, надад дархан мэх байдаг юм болов уу даа. Гэхдээ ямар ч үед хүний хөлийг авчихна шүү. -Жингийнхээ шилдгүүдтэй бүгдтэй нь барилдсан уу? -Манай жингийн шилдгүүд чинь дандаа л олимп, дэлхийн аваргууд юм уу медальтнууд шүү дээ. Олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Кавай, олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Америкийн Мароулис, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Оросын Коблова гээд л. Тэдэнтэй ер нь барилдсан шүү. Ерөнхийдөө ялж, ялагдаад л. Гэхдээ олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Кавайд хамгийн олон ялагдсан юм байна.
-Та хоёр хэд таарав?
-Гурав барилдаж, бүгдэд нь ялагдсан. 2014 оны Азийн аваргын финалд, 2017 оны Азийн аваргын зооны аваргын төлөө, мөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн барилдаанд. 2017 оны дэлхийн аваргын бэлтгэлийг багш бид хоёр ганцхан Кавайд зориулж хийсэн дээ. Түүнтэй маш сайн барилдсан гэж болно доо. Тэгэхэд 1:2-оор хожигдсон байдаг юм. Орсон бүх тэмцээндээ ялна л гэж барилддаг болохоор тийм сэтгэл зүйтэйгээр дэвжээнд гарсан ч ялагдчихсан.
-Олимп болон Азийн наадмаас бусад бүх тэмцээнд оролцож, медаль хүртсэн байх...
-Тийм шүү. Бас өсвөр үе, залуучуудын ангилалд барилдаж үзээгүй (инээлээ).
-Та медалиа тоолж үзсэн үү?
-Медалиудаа тоолж үзээгүй ээ. Бүр гаргаж ч өлгөөгүй. Тэгж байгаад Монголдоо очоод гаргаж тавина л гэж боддог.
-Санаанаас чинь огт гардаггүй ялалт, ялагдал бий юу?
-Ер нь бүх барилдаан маань санаанаас гардаггүй шүү дээ. Тэр тусмаа дэлхийн аваргын медалийн төлөөх барилдаанууд. Одоо хүртэл тэр мэдрэмжүүд тухайн үед ямар мэдрэмж төрж байсан, яг л тэр хэвээрээ орж ирнэ. Ялагдвал хоосон хоцорчих гээд л, ялбал медаль зүүх гээд л байдаг. Ялсны дараах тэр мэдрэмж ямар гоё гээч.
-Та МЧБХ-нд нэлээн шүүмжлэлтэй, гомдолтой ханддаг юм шиг санагдсан...
-Өө тэгээд л болохгүй байгаа зүйл дээр дуугарах хэрэгтэй. Болоод байгаа зүйл дээр оролцох хэрэггүй шүү дээ. Тамирчид бүх зүйлээ золиосолж байж л амжилтад хүрдэг. Амжилт гаргасан бол ид байгаа дээр нь өгөх ёстой зүйлээ өгөөд, дэмжээд явах хэрэгтэй гэж боддог юм.
-Дэлхийн аваргын медалийн төлөө барилдахынхаа урьд шөнө унтаж чаддаг байв уу? Барилдахын өмнө ямар мэдрэмж төрдөг байв?
-Ер нь нойр маш чухал л даа. Гэхдээ би өөрийгөө 100 хувь сайн амардаг гэж хэлэхгүй. Барилдаан бодохгүйг хичээдэг ч чаддаггүй. Энэ асуултанд хариулахдаа тэмцээний мэдрэмж авч байна шүү. Ер нь жаахан сандрал, түгшүүр, яаж барилдах вэ, яах вэ, ийх вэ гэсэн олон бодол толгойд орж ирнэ. Тэгээд маш их ухаан зарж байж л барилдана даа.
-Медаль хүртэж байна гэж зүүдэлдэг үү? Хэр зөн совинтой вэ?
-Зөнтэй шүү. "Нурсултан-2019" дэлхийн аваргын хүрэл медалийг дэлхийн аваргад явахаасаа хэдхэн хоногийн өмнө Монголд зүүдэлсэн юм. Бүр хэлбэр дүрс, зураг гээд бүх юмтайгаа зүүдэнд орж ирсэн. Гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Отгонцэцэг бид хоёр 2016 оны дэлхийн аваргад хамт явсан юм. Нэг өрөөнд ч орлоо. Отгоогоо барилдахынх нь өмнөх өдөр хүрэл медаль авч байна гэж зүүдэллээ дээ. Өглөө нь хэлж чаддаггүй. Түрүүлэх гэж ирсэн хүнд юу гээд л "Чи хүрэл авна аа" гэж хэлэх вэ. Тэгээд найз маань орой нь хүрлийн төлөө гэхээр нь "Чи хүрэл авна аа" л гэлээ. Тэгсэн "Чи яаж мэдэж байгаа юм бэ?" гэж байна. Би ч "Миний зүүд зөнтэй" гээд зүүдээ ярьж өгч билээ.
-Жин хэр хасдаг байв?
-Жирийн үед жин маань 63,5 кг байдаг. Тэгээд 59 кг руу хасна. Сонсоход цөөхөн кг боловч надаас гарах юу ч үгүй болоод л тэмцээндээ ордог байлаа. -Нэр дээрээ барилдуулах хүсэлт гадаадаас ирж байсан уу? Мөн ямар нэг тэмцээнд бууж өгөх санал... -Холбоонд тийм санал ирж байсан гэж багш маань надад ярьж байсан юм байна аа. Харин бууж өгөх санал тавьж байгаагүй. Ирсэн ч бууж өгөхгүй байсан болов уу. Гэхдээ их мөнгө санал болгосон бол бодож үзэх байсан биз (инээв).
-Удамд тань бөх бий юу?
-Ээжийн тал мундаг бөхийн удамтай. Харамсалтай нь би сайн мэдэхгүй байна.
-Тамирчин сайхан бүсгүйчүүдийн нэг нь та. Эрчүүд танилцах санал тавьж, гэнэтийн бэлэг барьдаг уу?
-За баярлалаа. Өө тэгээд тийм гэхээр онгирсон болчихно. Үгүй гэхээр мангар гэж бодох байх. Тиймээс энэ нууц хэвээрээ үлдэг.
-Ингэхэд ямар эр хүн таалагддаг вэ?
-Ноён нуруутай, намайг чин сэтгэлээсээ хайрлаж хамгаалж чадах эр хүн л таалагддаг. Эмэгтэй хүн чинь их эмзэг шүү дээ.
-Клип, кинонд тоглуулах, хагас нүцгэн зураг авахуулах санал ирж байв уу?
-Үгүй ээ, ирж байгаагүй. Надад сайхан монгол бүсгүйн дүр бүтээх нууцхан мөрөөдөл бий.
-Таны хувийн амьдралыг сонирхож болох уу?
-Тамирчны амьдралаар олон жил явжээ. Их спортоосоо одоо л холдож, хөндийрч байна. Удахгүй гэр бүлийн амьдрал зохиох болов уу.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ