Монголын нутгаас руни бичгээр бичсэн 193 дурсгал олджээ
МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбараас руни бичгийг тайлж уншсаны 130 жилийн ойд зориулсан “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хурлыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их дээд сургуулийн оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн энэхүү хурал олон улсын харилцаа болон угсаатан судлал зэрэг чиглэлээр өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Энэ жилийн хурлыг руни бичгийг тайлж уншсаны 130 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой.
Анх Оросын архелогчидын нэг Николай Михайлович Ядринцев тэртээ 1889 онд Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутаг Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө орших Түрэгийн II хаант улсад холбогдох чулуун дээр сийлэн бичсэн руни бичгийн дурсгалууд олсныг Данийн алдарт хэл шинжээч профессор Вильгелим Людвиг Петер Томсен, дэлхий дахинаа “тайлагдашгүй, нууц” хэмээн нэрлэгдээд байсан эртний нүүдэлчдийн хэрэглэж асан авианы үсэг буюу руни бичгийг тайлах түлхүүрийг 1893 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олж илрүүлж улмаар 20 хоногийн дараа 12 дугаар сарын 15-нд Дани улсын эзэн хааны эрдэм шинжилгээний хүрээлэнд тайлагнасан илтгэлээрээ дэлхий дахинаа зарласан байдаг.
Монголын руни бичгийн сонгодог дурсгалууд нь Түрэгийн 2-р хаант улсын Хаан Билгэ, цэргийн их жанжин, түүний дүү, баатар Күлтигин болон гурван цаг үеийн хаадын үнэнч зөвлөх байж мэргэн ухаанаараа алдаршсан сайд Тоньюкук нарт холбогдох дэлхийд ганцхан олдворууд юм.
"Монгол нутгаас руни бичгээр бичсэн 193 дурсгал олдсон. Жил бүр 3-5 дурсгал шинээр олддог. Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн нутгаас олдоогүй бөгөөд бусад бүх аймгийн нутгаас руни бичгийн дурсгал илэрсэн" гэдгийг МУИС-ийн Ази судлалын танхимын дэд профессор, доктор Б.Аззаяа тодотгов.
Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хуралд хэл шинжлэл, олон улсын харилцаа, угсаатан судлал, түүх, сурвалж судлал зэрэг сэдвийн дагуу нийт 11 оюутан эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв.
МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын танхимын Түрэг судлалын салбарын 4 курсын оюутан н.Базарсүрэн, "Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаа "Орчин цагийн турк хэлний ак буюу цагаан гэсэн үгэнд орсон хэлц үгийн ажиглалт" сэдэвт илтгэлээр оролцож байна. Дөрвөн толь бичиг, нэг эрдэм шинжилгээний өгүүллийг хэрэглэгдэхүүн болгон, нийт 74 зүйр цэцэг үгийг түүвэрлэсэн. Ингэхэд цагаан гэдэг үг нь үндсэн утгаараа, хоёрдугаарт шилжсэн утгаараа буюу сайн сайхан гэсэн утгатай байна. Цагаан өнгөний үнэлэмж нь хэлц үгээр илрэхдээ эерэг буюу сайн сайхан, гоё, цэвэр ариун гэсэн үутгатай байна. Мөн хар гэсэн үгтэй эсрэгцэн орж байна. Эдгээр үгээс 40 гаруй хувь нь хар цагааныг эсрэгцүүлсэн онцлогтой байсан нь ажиглагдсан" гэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнуудад өргөмжлөл, судалгаа шинжилгээний ном бүтээлийн дээжийг гардуулдаг бөгөөд МУИС-ийн Түрэг судлалын салбарын 2011 оны төгсөгчид 2018 оноос хойш мөнгөн шагналаар урамшуулдаг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ