Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хорих ангид байгаа нөхцөл байдлыг ШШГЕГ-аас тайлбарлав

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн Банкны хэргээр саатуулагдсан этгээдүүдтэй байнга тааралдуулдаг, стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр хангасан хэмээн түүний өмгөөлөгч Б.Хонгорзул өчигдөр мэдээлэл өгсөн юм.

Харин уг асуудлын талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас/ШШГЕГ/ тодруулга өглөө.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод цагаан гэрэлтэй байлгасны улмаас унтаж чадахгүй байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар тодруулаач?

-Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн зүгээс хуульд заасны дагуу хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж, өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ хүрээнд харуул хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, теле хяналтын хэрэгсэл ашигладаг.

Хоригдогчийн хорих өрөөнд гэрэл байхгүй бөгөөд зөвхөн коридорын гэрлийн тусламжтайгаар теле хяналтыг 24 цаг тасралтгүй тавьж хоригдогч, хоригдлын амь нас аюулгүй байдлыг хангадаг. Түүнээс Н.Өнөрцэцэгт тусгайлан гэрэл тусгаж амраахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна хэмээн мэдээлэлдээ дурдсан.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд өрөөний чийгшил 55-60 хувь, дулаан өвлийн улиралд 18 хэмээс багагүй байна гэж заасан стандартыг бүрэн хангаж байгаа.

-Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн банкны хэргээр саатуулагдан шалгагдаж буй этгээдүүдтэй байнга тааралдуулж, сэтгэл зүйн хувьд дарамтад оруулсан гэсэн асуудлыг мөн өмгөөлөгч хэлсэн?

-Н.Өнөрцэцэгийг хоригдож эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд амь нас аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын ажилтан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх хөдөлгөөнийг телекамераар баримтжуулан ажиллаж байгаа.

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй. Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар эрэгтэй, эмэгтэй хоригдогчийг тусад нь хорьдог.

-Цагдан хорих байрны хоол тэжээл стандартын шаардлага хангаагүй гэдэг асуудал хөндөгдөж байна. Хоригдогч нарын хоол хүнсний чанар, стандартыг хэрхэн хангаж, хяналт тавьдаг вэ?

-Тухайн хоригдогч 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 12 дугаар сарын 13-ны 17.00 цагт өлсгөлөн зарлах хүртэл тус ангиас олгож байгаа хоол хүнсний зүйлээ хэвийн идэж хэрэглэж байсан. Одоогоор нойтон өлсгөлөн зарлаад 24 цаг болж байна. Тус ангийн хоригдогч нарын хоолыг мэргэжлийн тогооч хийж, эмч нар байнгын хяналт тавьдаг.

Түүнчлэн өдөр бүр хийсэн хоолны дээжийг хадгалж, улирал тутам лабораториор шинжлүүлдэг. Үүнд прокурорын байгууллага хяналт тавьж байгаа.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал нь ямар байна вэ?

-Хоригдогчийн биеийн байдал нь хэвийн бус байвал бид өлсгөлөн зарлахыг зөвшөөрдөггүй. Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарлах үед нь бусдаас тусгаарлаж, эмчийн үзлэгт оруулсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Харин сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа. Амиа хорлоно гэж яриа гаргасан асуудал бий.

Хэрэв өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргах юм бол бид хуульд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсоох болно. Тухайн хоригдогчтой өдөр бүр сэтгэл зүйч уулзаж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ