МСНЭ-ээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргалаа
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 10 хонож байна.Түүнчлэн өлсгөлөн зарласан учир түүний бие муудаж байгаа талаар өмгөөлөгч Б.Хонгорзул мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ ШШГЕГ-ын дарга О.Амарсанаад хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэхийг шаардаж, мөн МСНЭ-ийн төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй яаралтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.
Дөнгөж сая өмгөөлөгч Б.Хонгорзул нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр тэрбээр " Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдалтай байна. Даралт нь унаж, царай нь цонхийжээ. Хүн 3-6 хоногт идэж уухаа хоривол биеийн байдал нь хүндэрч, үхэлд хүргэх хэмжээний эрсдэлтэй байдаг. Өмгөөлөгчийн хувьд өлсгөлөн зарлуулахгүй байх үүднээс хэлж, зөвлөж байгаа ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөнг зарласныг зарлалаа.
Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэлээ халдашгүй чөлөөтэй байх, харгис хэрцгий хүнлэг бус хандахгүй байх заалтуудыг зөрчиж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч унтаж чадахгүй байна. Нэгд, өлсгөлөн зарласан биеийн байдал хүндэрч буй үед нь шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна. Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны асуудлаар шүгэл үлээсэн. Гэвч тус хэрэгт холбогдон хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж сэтгэл зүйгээр нь дарамталж байна. Гуравт, хоол тэжээлээр маш их дутаажээ. Гурав хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа ч хоригдсон 10 хоногийнхоо туршид хоол бараг идээгүй юм байна. Тэгэхээр энэ өлсгөлөн гурав хоногоор зогсоогүй. Дөрөвт, эмэгтэй хүнийг чийгтэй нойтон нөхцөлд байлгаж байна.
Өнгөрсөн баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуульд заасан хувийн баталгаа гаргуулах, тодорхой хязгаарлалт тогтоох, бага насны хүүхэдтэйг харгалзах, гэрт нь байлгах, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх зэрэг бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой. Өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн прокурор нь Н.Өнөрцэцэгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг татгалзсан шүүгчийг шийдвэртэй нь холбогдуулан татгалзсан. Үүнээс болж шүүгчийг сольсон. Дээд шүүхийн тогтоолоор шүүгчийг гаргасан шийдвэрээс нь үүдэн татгалзан гаргах үндэслэлгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ