“Алтан өд-2023” наадмын шалгаруулалтыг зарлалаа
Монголын зохиолчдын эвлэлээс утга зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2023” наадмын шалгаруулалтыг албан ёсоор зарлалаа. Шалгаруулалтад уран бүтээлчид 2023 онд хэвлүүлсэн, уншигч, үзэгчдийн хүртээл болсон утга зохиолын бүтээлээ нэр дэвшүүлэх юм.
“Алтан өд”-өөр яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл (роман), хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл (өгүүллэг, туурь, тууж...), баримтат зохиол, хүүхдийн зохиол (хүүхдэд зориулсан зурагт ном), шог хошин болон зөгнөлт зохиол, жүжиг, киноны зохиол, утга зохиолын орчуулга, утга зохиолын судлал, шүүмжийг шалгаруулах ажээ.
Утга зохиолын оны шилдэг бүтээлийн “Алтан өд 2023” шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээс хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулах юм байна. “Алтан өд-2023” шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлийг өнөөдрөөс эхлэн 11 хоногийн хугацаанд авч хоёр үе шатаар шалгаруулан, эцсийн дүнг 2024 оны нэгдүгээр сард олон нийтэд зарлана. Улмаар шалгарсан бүтээлийн шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн ёслол дээр гардуулах гэнэ.
Дашрамд сонирхуулахад, уг наадмын шалгаруулалтад 2023 онд утга зохиолын чиглэлээр бүтээл туурвисан хүн бүхэн оролцох эрхтэй. Ингэхдээ жүжиг, киноны зохиолын төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийн эх зохиолыг хэвлэн ирүүлэх аж. Харин хэвлэлийн газрууд нэр дэвшүүлэх бүтээлийнхээ зохиогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байх шаардлага тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ