“Карт, талонтой хүнд үйлчилнэ“ хэмээн ялгавартай хандахгүй байхыг ШТС-уудад анхааруулжээ
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын (ШӨХТГ) даргын энэ оны 17 дугаар удирдамжийн дагуу шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа аж.
Энэ үеэр хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх талаар Шатахуун Түгээх Станц(ШТС)-уудад дараах мэдэгдлийг хүргүүлжээ.
Тус мэдэгдэлд: Хяналт шалгалтад хамрагдсан шатахуун түгээх станцууд нь АИ-92 шатахуун болон дизель түлшний нөөц бага, агуулахаас татан авалт хийгдээгүй тул нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна. Мөн гэрээт болон тухайн аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд борлуулалт хийж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд шатахуун болон дизель түлшний хэмжээ түр хугацаанд доголдоод буй энэ үед хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах талаар шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдэд мэдэгдсэн.
Шатахуун түгээх станцууд бүх төрлийн шатахуун болон дизель түлшийг борлуулахдаа хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд гэж тусгайлан ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх,
Дамлан худалдаалах нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хүнд даацын болон тусгай зориулалтын тээврийн машинуудад их хэмжээгээр олгохгүй байх, шатахуун болон дизель түлшний агуулахаас нийлүүлэх татан авалтыг түргэн шуурхай зохион байгуулах, иргэд, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар үнэн, зөв, бодит мэдээллээр ханган, холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллахыг анхааруулжээ.
Эх сурвалж: ШӨХТГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ