Хархорум олон улсын кино наадам нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Кино Гүүр Хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ.

“Хархорум” Олон улсын кино наадам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

“Хархорум” Олон улсын кино наадам нь 12-р сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэнд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Наадмын хүрээнд уралдаант болон уралдаант хэсэгт гурван уран бүтээлийг шалгаруулах бөгөөд “Хархорум” наадмын алтан цом, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

  • “Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”,
  • “Шилдэг баримтат кино”;
  • "Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл"-ийн шалгаруулна.

Түүнчлэн наадмын үеэр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд олон улсын уран бүтээлчдийн сургалтад хамрагдан туршлага судлах боломжтой. Энэ хүрээнд:

  • "Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь" мастер класс,
  • "Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь”
  • Залуу киночдод зориулсан сургалт,

"Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь" форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ