УИХ-ын гишүүн Ц.Туваан “Иргэд бензин шатахуун авахаар Улаанбаатарт таван цаг дугаарлаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тус бүлгийн хуралдаанаар шатахууны нийлүүлэлт, татан авалттай холбоотой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссон байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Иргэд бензин шатахуун авахаар Улаанбаатарт таван цаг дугаарлаж байна. Орон нутагт нөхцөл байдал бүр хүндэрсэн. Өвөлжөөндөө буугаагүй айл байхыг үгүйсгэхгүй. Зарим компани зуд нүүрлэж буй айл өрхүүдэд тусалж, өвс тэжээл хүргэх санаачилга гаргаж байгаа боловч түлш алга байна. Өнөөдрийн мэдээллийг сонсоход ойрын хугацаанд гачигдлыг арилгана гэж байна. Энэ асуудлыг бид хоёр сарын өмнөөс ярьж байсан" гэв. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Хоёр сарын өмнө ярьж байсан асуудлууд өнөөдөр ч шийдэгдээгүй байна. Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Дизелийн түлш хомсдож, үнэ хөөрөгдөж байна. Малчдын амьдрал хүндэрч, малын хорогдол нэмэгдэхээр байна. Хүн хүч байлаа гэхэд бензин түлш хомсдлоо. Ямар нэг мэдээлэл сонсохоор цаг аргацаасан юм яриад байна" гэлээ.

 

Мөн хуралдаанаар өвөлжилт хөдөөд ямар байгаа тухай мэдээлэл сонсохоор салбарын яаманд хандсан боловч сайд нь ирсэнгүй. Дараагийн хуралдаанаар энэ асуудлыг хөндөж ярилцана гэдгээ бүлгийн гишүүд хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ