Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 188-202 километрт зам хаагджээ
Өнөөдөр 14:00 цагийн байдлаар Монгол Алтайн нурууны өвөр тал болон нутгийн хойд талаар цас орж байна.
Тодруулбал Увсын Цагаанхайрхан Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Идэр, Яруу сумд, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумд, Архангайн Жаргалант, Эрдэнэмандал сумд, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр сумд, Сэлэнгийн хойд талын ихэнх сумдаар цас орж, шуурч байна.
Өнөө шөнө Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Улаанбаатар хотод өнөөдөр/2023.12.07/ өдөртөө 0 градус хүрч дулаарч байна. Харин маргааш өдөр Улаанбаатар хотод ялимгүй цас орж, цасан шуурга шуурч, -18...-20 градус хүйтэн байх тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ дулаан хувцаслахыг Цаг уурын байгууллагаас зөвлөлөө.
Хаагдсан зам:
Олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 188-202 км-т үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй цасан шуурга шуурч зам хаагдсан байдалтай байна.
Иймд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн цасыг авто грейдэрээр хусаж, цэвэрлэлээ хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ