Мах экспортлоход 26 нэр төрлийн бичиг бүрдүүлдэг байсныг 15 болгон бууруулжээ

Монгол Улс мах, махан бүтээгдэхүүний экспортыг хялбаршуулах зорилгоор “Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-ийг ирэх долоодугаар  сарын 1-нээс  нэвтрүүлэхээр боллоо.

 

Тодруулбал ХХААХҮЯ-наас махны экспорт дээр хэрэгжүүлж буй “Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем"-д МҮХАҮТ нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулж буйгаа хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Ингэснээр  мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох  төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, хүнд суртлыг багасгаж мэдээллийн ил тод байдлыг бий болгох юм байна. Мөн одоо ашиглаж буй системүүдийг холбож мэдээлэл солилцоог сайжруулах, цахим хэлбэрт шилжүүлэх, баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлагыг бууруулж давхардлыг арилгах, цаг хугацаа хэмнэх, цахимаар мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдэж буйг албаныхан онцоллоо.

 

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төв лаборатори, МҮХАҮТ, ХААБ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг Хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэжээ.

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн захирал О.Нарандэлгэр ярихдаа, “Мах  экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа болох 13 хоногийг 4 хоног хүртэл багасгах нэг цонхны цахим системийг ашиглалтад орууллаа. Эл системийг турших үйл ажиллагааны үеэр хоёр сарын хугацаанд нийт 71 компанийн бүртгэлийг үүсгэсэн бөгөөд үүнээс 29 компани экспортын эрхтэй төлөөлөх хүнээ сонгон оролцуулсан. “Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа хамрагдаж байгаа ч цаашид Хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг эл системд нэвтрүүлнэ” хэмээв.

 

Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй бол 5 орчим хувийг бусад бүтээгдэхүүний экспорт эзэлдэг гэсэн судалгаа бий. Жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар нийт ажлын байрны 70 хувийг бүрдүүлж буй.

 

Тэгвэл Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем"-ийг нэвтрүүлснээр ямар үр дүн гарах талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ярихдаа, “Манай махны экспортын 90 гаруй хувийг БНХАУ эзэлж байна. Одоогоор тус улс руу махаа экспортлох зөвшөөрөл авсан  19 компани бий.  Цаашид экспортын зөвшөөрөл авах хүсэлтэй 60 компани байна. Мах экспортлох сонирхолтой компаниудын хувьд эргэлтийн хөрөнгө дутагдалтай, бичиг баримт бүрдүүлэлтийн давхардал их, хүнд суртлыг багасгах шаардлагатайг уламжилдаг.  Тэгвэл экспортын гэрчилгээний нэг цонхны цахим системийг нэвтрүүлснээр нэгдсэн байдлаар мэдээллийг түргэн шуурхай, нэг дороос эмх цэгцтэйгээр хүлээн авах боломж бүрдүүллээ. Монгол Улс 71 сая малтай бөгөөд өнгөрсөн оны байдлаар 36 мянган тонн мах экспортлосон” хэмээн тодотгов.

 

Ташрамд дурдахад, манай улс 2022 оны байдлаар нийт 11 улс руу 14.3 мянган тонн махыг 44.8 сая ам.доллараар экспортод гаргасан хэмээн  Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Үүнээс адууны 6.4 мянган тонн махыг 18 аж ахуйн нэгжид бэлтгэн нийт 19.8 сая ам.доллараар, ямааны 3.6 мянган тонн махыг 19 аж ахуй нэгжид бэлтгэн нийт 10.7 сая ам доллараар экспортоор гаргасан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ