Буддын шашинтай холбоотой археологийн судалгааны үр дүнг танилцууллаа

Монголын түүх зан заншил, соёлын өвийг хойч үедээ үлдээх, олон нийтэд таниулахаар “Голомт” банкнаас “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан эхлүүлжээ. Төслийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн судалгааны ажлыг өргөжүүлэн гурван газарт малтлага хийсэн байна. Энэхүү судалгааны ажлын урьдчилсан үр дүнг өчигдөр “Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурлаар танилцууллаа.

Археологийн хүрээлэнгээс шашны холбогдолтой дурсгалт газруудад археологийн малтлага судалгааг цөөнгүй хийжээ. Судалгаагаар илэрсэн олдворуудыг нарийвчлан судлах явцад шашны талаас тайлбар дүгнэлт өгөх шаардлага үүсдэг учраас Гандантэгчэнлин хийдийн “Эрдэм соёлын хүрээлэн”-тэй хамтран, судалгааны ажлыг өргөжүүлээд байгаа юм.

Гандантэгчэнлин хийдийн XXIX хамба Д.Чойжамц:

-Эрдэм соёлын хүрээлэн бол түүхийн талаасаа Зава Дамдин ламын Монголын Бурханы шашны гурван үеийн дэлгэрэлтэд суурилан шашны судалгаануудыг хийх зорилготой. Энэ зорилгынхоо үүднээс археологи, палеонтеологийн эрдэмтэд гадаад дотоодын эрдэмтэдтэй холбогдож, судалгааны ажлаа амжилттай хийж байна. Сүүлийн үеийн судалгаанууд амжилттай болж байгаа.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн:

-Сүүлийн жилүүдэд хийсэн буддын шашинтай холбогдолтой археологийн малтлага судалгааны үр дүнгээс гарсан олдвор эд өлгийн зүйлээр тусгай үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэн гурван долоо хоногийн хугацаанд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд үргэлжилнэ.

“Голомт” банк нь “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг 2022 онд байгуулсан. Төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэнд санхүүжилт олгосноор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших эртний хот суурингийн дурсгал болох “Түргэний голын Кидан балгас” буюу “Туулын Хар түнэ орд”  хэмээх хэрэмт байгууламжийг судлах ажлыг гүйцэтгэжээ.

Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн Н.Амгалан:

-Эртний Монголын төрт улсуудын үед буддын шашны сүм хийдүүд хаана, ямар архитектуртай байсан, тархалт хэр байсан, бурхны шашны ямар чиг урсгалтай байсан бэ гэдгийг тодотгож өгөх ач холбогдолтой хурал боллоо.  

Түүнчлэн “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой гэдэг газарт байрлах Киданы  үед холбогдох хүн чулууны хөшөө болон барилгын туурийг судалжээ. Судалгаагаар илэрсэн дээжийг лабораторид шинжлүүлэхээр илгээсэн байна.

Буддын шашинтай холбоотой археологийн судалгааны үр дүнг танилцууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ