МАН-ын гарт үлдсэн гурван хөзөр

Эртнээс таавар, таамгаар дүүрэн байсан Ардын намын “ерөнхийлөгч“-ийн нэр тодорч эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарт МАН-ынхан итгэл үзүүлж аль нэгийг нь сонгуульд сойх бололтой.

Энэ гурваас гадна Ардын намын сэтэртэй лав арваад улстөрчийг хэвлэлийнхэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалыг нь дэнсэлж өнгөрсөн, одоог нь хүүрнэн байсан. Тэдгээрээс тунаж үлдсэн гурвын хувьд одоогийн нөхцөл байдалд яах аргагүй зөв шийдэл гэмээр.

Зөв гэхээсээ хатуухан хэлэхэд Ардын намын хувьд байгаа нь л энэ гурав. Уг нь С.Баяр, У.Хүрэлсүх нарын нэр цаанаа л нэг юм хэлээд байх шиг учиртайхан цохиж явсан ч ойрын хугацаанд улстөрөөс “time out” авсан нь тодорхой болсон.

Өмнөх ерөнхийлөгчийн сонгууль болгонд намын дарга нараа сойж байсан уламжлалтай МАН-ын хувьд С.Баярыг өрсөлдүүлж чадсан бол монголчууд бид ирэх зургадугаар сард тун ч ширүүн өрсөлдөөн харах байсан биз.

МАН-ын хувьд Н.Энхбаяр, С.Баяр гэх хоёр даргынхаа өнгөнд л бяралхаж, ялалтын амтыг амсаж явсан. Харин М.Энхболд, С.Батболдын хувьд тэдний үед тус намын рейтинг шалдаа бууж, сөрөг хүчиндээ ээрүүлж, ялагдаж, эсхүл намын даргын суудлаа шилжүүлэхээс аргагүйд хүрч байсан түүхтэй.

Цагтаа М.Энхболдоос халааг нь авч намаа ялалтад хүргэж байсан түүхтэй С.Баярын хувьд өнөөдөр нэр дэвшсэн бол байдал сонирхолтой болох байлаа.

Харамсалтай нь тэрээр намаа унаж яваа цагт улстөрөөс холдож, далайн чанадад залуу эхнэртэйгээ жаргаж суугаа. С.Баярт итгэл тавин аврал эрж суусан ардын намын гишүүдэд тэрээр хүүхдийнхээ живхээр цэг тавив.

У.Хүрэлсүхийн хувьд яах аргагүй намын лидерүүдийн нэг байлаа. Хэдхэн хоногийн өмнө түүнийг бас л далайн чанад дахь Австрали тивд суурьшихаар болсон тухай мэдээлэл цацагдаж, улстөрд ойрын үедээ эргэж ирэхгүйг батлаадахав. Иртэй, хүчтэй, “нударга”-тай, намдаа үнэнч лидерээ битүүхэн санагалзсан хүмүүст түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь харах хувь дутлаа. УИХ-ын гишүүн биш болчихвол хүн биш ялтан, гуйлгачин болчих юм шиг санадаг болсон өнөөгийн улстөрчдийн дотор Ухнаагийн хүү шиг зоригтой улстөрч бараг олдохгүй. Яг одоо шуугиулж байгаа С.Баярцогтыг У.Хүрэлсүхтэйгээ харьцуулан бахархах МАН-ынханд тэр бас л нуруугаа харуулж байна.

Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч У.Хүрэлсүх та нарт сэтгэлийн дэм болох үг шидэхгүй л болов уу. 

Ингээд шигшигдэж үлдсэн МАН-ын гурван хөзрийг сонжиё.

Д.Оюунхоролын хувьд олон жил дараалан эрчүүдтэй эн зэрэгцэн улстөрд хүч үзэж яваа, намдаа багагүй рейтинг өндөртэй эмэгтэй. Отгонтэнгэр сургуулиар овоглон улстөрд орж ирсэн тэрээр ардын намынхан дундаа л нэр цэвэрт тооцогддог. Гэхдээ л монголчууд ямар солонгосчууд биш эмэгтэй ерөнхийлөгчийг хүсэхгүй л болов уу. Зам замаа мэдсэн, замбараагүй олон улстөрчийн дээрээс зангарагтай даруулга өгч суудаг ерөнхийлөгчийг л монголчууд хүсэж буй нь лавтай.

Харин Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд байдал арай өөр. Анх тоон дунд үсэг цохиж яваа юм шиг л парламентад орж ирснээс хойш олон ч жил өнгөрч. Аварга гэж дууддаг байсан монголчууд өдгөө гишүүн хэмээх нэрэнд нь ч дасаж.

Намын бодлого, шийдвэрээс илүүтэй өөрийн үзэл баримтлалдаа үнэнч гэдгээ тэр харуулж чадсан. Гэсэн ч ардын намын нөхдүүд сонгуулийг наадмын дэвжээтэй л зүйрлэх гээд байх юм. Д.Сумьяабазар аварга дахин сонгуулиар ялалт байгуулснаар хөөрч догдолсон МАН бөхчүүдээ урдаа барина гэж бодсон бололтой. Ерөнхийлөгчийн сонгууль бол УИХ-ынхаас тэс өөр юм. Зургадугаар сард бид 76 биш ганц л хүнийг сонгох ёстой.  

Дээр дурдсанаар намын даргаа ерөнхийлөгчид сойдог уламжлалаа тэд эвдсэнгүй, одоогийн намын дарга Ө.Энхтүвшинг сунгаанд зүтгүүлж байна.

Даргын хувьд өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулиас хойш намын рейтингээ ахиулах хүчтэй лидер гэдгээ харуулахын оронд махны үнэ ярьсан шигээ, гудамж талбай, буйдан дээр тэмцэгч дүр эсгэсэн маягтай л яваа. Гэсэн ч цаг нь тулж ерөнхийлөгчид өрсөлдүүлэхэд МАН дотор түүн шиг ясны улстөрч ховорхон.

Хийгүй улстөрч маань хийтэй үг алдаа л биз. Одооны нөхцөлд намаа уриалан дагуулж сонгуульд зүтгэх ганц хүн нь Ө.Энхтүвшин юм. Тиймээс тэр даргын нүүр үзүүлж Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын урдуур гишгэж сонгуульд нэр дэвшлээ гэхэд гайхах зүйл үгүй.

Хангалттай хүчтэй өрсөлдөгч байх чадвар түүнд бий.

Гэхдээ ардын намаас ерөнхийлөгчийн сонгуульд ялах мөрөөдөлд нь цэг тавьж байгаа хүчин зүйл бол явж явж Ц.Элбэгдорж ч биш бөөрнөөс нь салж одсон МАХН юм. МАН, МАХН хоёр нэгдэж энэ сонгуульд орвол жинтэй үзэлцэх таамаглал хэсэг хэвлэлээр тархсан ч энэ хоёр нам одоо өөр өөрийн нэр дэвшигчээ тодруулахаар зэхэж байна. Ийм нөхцөлд гараанаас гарсан МАН, МАХН-ын нэр дэвшигчид уралдааны замд нэг нэгнээ дэгээдсээр бариа ч үгүй хоцрох догоо.

О.Нар

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ