НБГ: 58 сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийг зохицуулна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өгөв. Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэлийг хийж, баталгаажуулна.

Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23,372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогоор нэгдүгээр ангид 38,356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байна” гэлээ.

2023 он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургууль ашиглалтад орсон. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна. Харин төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна. Үүний 50 автобус нь улсын сургуулийнх юм.

Түүнээс гадна сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль түрээсээр дээрх үйлчилгээг сурагчдад үзүүлнэ. Энэ жил дахин 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгохоор ажиллаж буйг Нийслэлийн боловсролын газрын дарга хэллээ. Мөн замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ