Автобусны нэгдүгээр эгнээг тэлж, III, IV Хороолол, Шархад, Яармагийн замыг нэмнэ

 

“Түгжрэлийн сайд” гэдэг нэр зүүгээд буй УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах зорилгоор өчигдөр \2023.08.28\ сэтгүүлчид нартай уулзлаа.

Тэрбээр 2022 оны есдүгээр сараас хойш дээрх албыг хашиж буй. Уулзалтын эхэнд “Ж.Сүхбаатар юу хийгээд байгаа юм бэ гэж сонирхсон хүмүүст хариулахад би ажлаа авснаасаа хойш Засгийн газрын хуралдаантай өдрүүдэд өглөө 08:00 цагт арван удаа танилцуулга хийсэн. Намайг зам дээр зогссонгүй, нэг бол Хотын дарга, сайд гэж хараад, замын ажлыг өдөр тутамд зохицуулах ёстой мэт ойлгоод байх шиг байна. Би холбогдох хүмүүсийн дутуу, хийж чадахгүй байгаа олон ажлын холболт дээр илүү анхаарлаа хандуулаад явж байгаа” гэдгийг онцолж хэлэв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос түгжрэлийг бууруулахаар таван гол ажил төлөвлөжээ. Үүнд:

  1. Түгжрэл бууруулах гол арга нь нийтийн тээврээ сайжруулах. Гэтэл нийслэлийн нийтийн тээвэр уналтад орсон, дампуурлын ирмэгт байна. Иймд нийтийн тээврээ хөгжүүлж, автобусаа шинэчилнэ.
  2. Нийслэлд авто зам, гүүрэн байгууламж барьсан ч тэдгээр нь хоорондоо холбогддоггүй. Иймд гол замуудыг холбоно.
  3. Хот төлөвлөлт. Хот төлөвлөлтөд захирагддаг байх ёстой.
  4. Автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих замыг өргөжүүлнэ.
  5. Маш богино хугацаанд автомашины тоог цөөлөх, захиргааны арга хэмжээ авч, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулна гэж танилцуулав.

Иргэд машинаасаа татгалзах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал байгаа. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байна. Үүний 85 хувь нь хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иргэдээс судалгаа авахад автобусаа шинэчилж, сайжруулбал автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэж 75 хувь нь хариулжээ.

Иймд төсөвт 272 тэрбум төгрөг суулгаж, БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан, нийт 810 шинэ автобус оруулж ирж байна. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн сонирхол нэмэгдэнэ гэж үзжээ. Мөн түгжрэлийг бууруулахын тулд автобусыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Улмаар:

  • 3,4 дүгээр хороолол-Шархад \хойгуур\
  • 7 буудал-Сүхбаатарын талбай
  • Яармаг – Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах боломжтой гэж дүгнэжээ.

Улаанбаатар хотод давхардсан тоогоор унадаг дугуй, автобус болон явганаар, автомашинаар зэрэг сонголтоор 2.8 сая хүн зорчиж байна. Үүний 1.8 сая нь буюу 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь нь буюу 690 мянга нь автобусаар зорчиж, үлдсэн 300 гаруй мянга нь явган болон дугуйгаар хөдөлгөөн үйлдэж байна гэдгийг судалжээ.

Автомашинаар зорчигчдын:

  • 44 хувь нь буюу 810 гаруй мянга нь ажилдаа, ирж очих
  • 25 хувь нь буюу 461 мянга нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, авах
  • 17 хувь нь амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор автомашин унадаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    MAN (139.5.216.69)
    Zam nemeh yahav uulzvaraa yaj deegvvr dooguur bolgoh ve gej bodooch uulzvar huleej zogsdog baidliig l zamiin tugjrel geed bgaa uym shde
    2023 оны 08 сарын 29 | Хариулах