“Алтан намар” үзэсгэлэнгээс төмс, ногоог хамгийн хямдаар авч болно
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад "Алтан намар" үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, 6 дугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ