Өнөөдөр Тайж хайрханы бэлд “Сэрсэн тал” эгшиглэнэ
Нээлтийн үеэр Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал хөгжим Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Буянбаатарын удирдлага дор эгшиглүүлэх аж. Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болох энэхүү наадмын үеэр аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж, эрийн 3 наадмаар эхлэх үндэсний спортын 15 төрлийн тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах 700 гаруй сонин содон тоглолт, арга хэмжээг үзэж сонирхох боломжтой.
Тус фестивальд БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, нийт 1100 гаруй нүүдэлчин хуран чуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ