Байцаагчийг гурван өрөө байраар, сайдыг 16 давхар буудлаар...

Ойрын хэдэн жилд нам гүм байж бугширч, бугласан улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн далд үйлдлүүд эхнээсээ ил болж, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд ар араасаа хуулийн байгууллага дээр шалгагдаж байна.

Үүнийг дагаад Монголд дарга бус бус хууль илүү хүчтэй болж байна гэх яриа ч гарлаа.

Энэ хавар улстөрийн синдромууд төдийлөн шуугиулахгүй, харин авилга, албан тушаалын томоохон гэмт хэргүүд олон нийтийг суудал дээрээ суух аргагүй болтол өндөлзүүлж байна. Үүний нэг жишээ нь хятадуудыг тойрсон, тэдний гар хөл болсон монголчуудын тухай мэдээллүүд дуулиан дагуулж эхэллээ.

Уржигдархан хятадуудын барьсан орон сууцыг худалдан авснаараа хохирогч болж төрийн албан хаагчдын хуудуутай үйлдэлд бухимдсан иргэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн хятадын компани барилгын үндсэн зургийн дагуу баригдаагүй, чанаргүй хулхи барилгаа НМХГ-ын улсын байцаагчид гурван өрөө байрны авилга өгч улсын комиссоор оруулж, улмаар хэрэглэгчдэд шахсан байна.

Энэ хэрэг нь илэрсэн мэргэжлийн хяналтын байцаагч шоронд сууж харин барилгын компанийн эзэн хятадууд авилга өгөх замаар их хэмжээний ашиг орлого олсон гэх хэрэгт татагдсан ч манай хуулийн байгууллагынхан толгойг нь илээд өршөөлөөр сулласан гэх. Хохирогч иргэд нь хятадуудыг дахин шүүхэд өгсөн ч ерөнхий прокурор нь дахин шалга гээд байхад зөрөн байж хяналтын прокурор нь уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү илт хятад эздийн талд зогсож монголчуудыгаа хохироосон тухай мэдээлэл цацагдсаны дараахан дахиад л өвөрлөгч зүгийнхэнтэй  холбоотой дуулиан дэгдэв. Дэгдэхдээ ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалтууд дагуулах Эрчим хүчний яамыг тойрон дэгдэв.

Эрчим хүчний сайд М.Сономпилийг тавдугаар цахилгаан станцын “Амгалангийн УС15” хэмээх дэд станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тендерийг хятадын компанид хууль бусаар өгсөн тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Тэрхүү мэдээлэлд “тендерт шалгарсан Хятадын компанийг М.Сономпилийн төө зайгүй найз орчуулагч, Өвөр Монголын иргэн зуучлан холбож өгсөн, Хятадын компани тендерт ялахын тулд М.Сономпилд 120 мянгатад байрладаг “Их хуралдай” хэмээх нэртэй дугуй байшинг нь нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болсон” тухай дурджээ.

Өнөөдөр 12.00 цагаас сайд М.Сономпил Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцах тухай зар түгээд буй. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд лхагва гариг бүрт хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг энэ уулзалтад М.Сономпил сайдаас асуух хэвлэлийнхний асуултын гол сэдэв энэ байх болов уу.

Хятадууд авилга өгч ажлаа бүтээгээд буй сураг басхүү М.Сономпил сайд танд хамаатай эсэхийг та өнөөдөр л сэтгүүлчдэд тодруулж өгөх буй за. Эс тэгвэл энэ хаврын гол дуулиануудын нэг нь М.Сономпил сайд болж мэргэжлийн хяналтын байцаагч гурван өрөө байраар, харин салбарын сайд 16 давхар буудлаар хятадуудад найр тавидаг тухай хэлц яриа хүртэл үүсэх вий.

О.Нар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ