Галаар наадагсад

Шөнө төөрсөн хүнд гал гаргаж, зүг чигийг нь зааж өгдөг. Харин Ерөнхий сайдыг далуулаа Бурхан Халдун ууланд төөрөхөд хэн ч гал гаргаж өгсөнгүй, Алтан гадас од ч харагдсангүй. Галын заяа гомдсон юм биш байгаа. Ардчилал, сүсэг бишрэл сад тавьснаас хойш манайхан ер нь галаар наадах нэг л дуртай болжээ.

Анх 1992 онд биеэсээ гэнэт гал гаргадаг ер бусын увдистай Б.Өнөрмөө гэдэг охин хаа сайгүй гал гаргаж, манай Ардын Их Хурлын депутатуудын тэргүүлэгчдийг Монголын академичидтай нь хамт амыг нь ангайлгасан. Түүний ид шидийг баараггүй хэмээн эрдэмтэд баталсны дараа Анагаахын дээдэд урилгаар суралцуулж, улсаас үнэгүй орон сууц олгосон билээ. Банкны зээлэндээ сагасан хоршооллынхон илүү үгэнд дурласнаасаа болж 14 хоршоо 37 мянган төгрөгөө түүнд залилуулж алдсан. Тэгээд олон хавар нэгэндээ гэгчээр мөнөөх Өнөрмаа эмнэлэгт хэвтэж, мөн л гал алдахгүй аргацаасаар байхад хашир нэгэн дэрэн дорхи хайрцагтай шүдэнзийг нь сэмхээн тоолчихоод байж. Гал гарах тоолонд нэг ширхэг шүдэнз дутсаар аргагүйн эрхэнд үнэнд гүйцэгдэж билээ. Энэ бол галаар наадсан залилангийн шинжтэй ганцаарчилсан тоглолт.

Ерээд онд “Дархан хилийн төлөө” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж тэргүүлсэн П.Давааням Чингис хааны дэлхийн академи байгуулж, 2008 онд Чингис хааны 30 дахь удам, 29 дэх үеийн бодлого баригч, эш үзүүлэгч, дэлхийг аврах Монголын хаадын гүн ухааныг номлогч, хунтайж гэсэн урт цол гуншинг өөртөө гамгүй хайрласан.

Сүүлийн үед зарим аймагт Мөнх тэнгэрийн галын тахилга хийнэ хэмээн зар тараан, такстай бүртгэл явуулж олныг цуглуулах болов.

Гүн шөнийн харанхуйд хар модны их дөл тэнгэр тэмүүлэн цоролзох үеэр хуйларсан галын дундаас эртний морьтон баатрууд давхилдан гарч, дээд тэнгэрээс их хаан ширтэн харж байна уу гэмээр дүрс бичлэгийг үзүүлэх болсон нь зарим хүмүүсийг ихэд цочирдуулсан билээ. Үнэхээр мөнх тэнгэрийн галын тахилга мөн гэж итгэх хүн ч цөөнгүй байна.

Ер нь сүүлийн үед хүмүүсийн сүсэг бишрэл дээр дөрөөлөн галаар наадах болсон нь нууц биш. Олон хэлийн Б.Арго багш бөө мөргөл тал руу нэлээд хазайж, хар алаг сүлдний тахилгаар амилуулсан Чингис хаан, Бөртэ хатныг дүрсэлсэн Дахи бурхныг бүтээснээ зарласан нь ердөө хоёр жилийн өмнө.

Хүмүүний бүх хүслийг биелүүлэх энэ бурхныг өдгөө Монголд таван мянган хүн шүтдэг гэнэ. Арго багш Дахи бурхнаа бас гал түлж тахидаг нэгэн.

Нэг удаагийн тахилгын үеэр мань эр түүдэг гал дээгүүр харайх гээд биеэ даасангүй юу халуун цогон дээр хөл нүцгэн гишгэж орхисон тал бий.

Дараа нь “Арго гал дээгүүр харайв” гэсэн өгүүлбэр хүмүүст маш сонирхолтой сонсдож байсан юм.

2010 оны намар УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт халамцуухан ангуучилж яваад түймэр тавьж орхиж.

Утаа суунаглаад байна, түймэр тавьчихлаа гэсэн ой хамгаалагчийн анхааруулгыг эс тоон энгэр газрын жижиг гал өөрөө унтарчихдаг юмаа хө гээд тоолгүй давхиад явчихжээ. Гэтэл 5000 гаруй га талбай түймэрт шатаж, 33 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсныг “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ынхан зуун гэрчийн тусламжтай тогтоосон байна.

Уг нь Их Монгол Улсын үед “Их засаг” хуулийн дагуу ийм этгээдийг гэр бүлээр нь хатуу шийтгэдэг байсан юм билээ.

Бас төрийн түшээд дотроос галын тахилч тодорч байгаа нь гайхалтай. Тэд давуу эрхийнхээ дагуу Төрийн ордонд, тэр ч байтугай Төрийн ёслол хүндэтгэлийн их өргөөнд гал тахих ёслол үйлдэж болно.

Эрхэм гишүүн “Фортуна” Н.Батбаяр Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ойн үеэр их өргөөний голомтны галыг тахиж, бүсгүй хүний буян заяанд хүнддэнэ гэж үзсэн учраас эмэгтэй гишүүдийг ойртуулсангүй.

Харин Монгол Улсын гавъяат жүжигчин С.Жавхлан манжийн ёсыг халж байна хэмээн дээлийнхээ зах, нударгыг тасдаж галд өргөв.     

Баллонтай газ бол галын бас нэг төрөл. Иргэд ахуйн хэрэгцээндээ хийг өргөнөөр ашигладаг. Харамсалтай нь ашиглалтын горим зөрчсөнөөс эмгэнэлт үр дагаварт хүрэх нь бий. 2012 он гараад гурван долоо хонож байхад Дархан-Уул аймгийн шинэ хорооллын 14 дүгээр байранд баллонтай хий дэлбэрч, гурван хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн.

Тэгэхэд есдүгээр давхрын айлын хана цуурч, дулааны хоолой, паар хагарч, онцгой байдлынхан орцны айлуудыг нүүлгэсэн юмдаг. “Дашваанжил” компанийнхан баллонд техникийн магадлал баталгаажуулалт хийгээгүй, хэрэглэгч Хийн хангамжийн тухай хуулийн хоёроос дээш давхарт энэ төрлийн хий хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчсөнөөс энэ осол гарсныг мэргэжлийн хяналтын байцаагчид тогтоожээ. Мэдээж гашуун сургамж.

Ноднин жилийн 12 дугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэж ил, далд айдас хүйдэст автсаныг санаж байгаа. Тэр өдөр “Монгол тэнгэр үнэн” ТББ-аас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг XIII зуун аялал жуулчлалын цогцолборт Түмэн онгодын чуулган зохион байгуулж, үдэш нь мянган түүдэг асаан үүр цайж нар мандтал манацгаалаа. Нарны цацрагийг санагдуулам мянган түүдэг шар тосоор мялаалган шөнөжин дүрэлзэж, тал хөндий даяар утаан хөшиг татах нь сүртэй ч юм шиг. Бөө нарын хэнгэрэг цан энд тэндгүй дуугарна. Ийнхүү мянган жилд нэгэнтээ тохиох Тэнгэрийн их үйл хийж, эл цагт Тэнгэр эцэг буман жилд нэгэн удаа, 99 тэнгэр түмэн жилд нэгэн удаа, түмэн отгийн толгой өндөр дээд Тэнгэрүүд мянган жилд нэгэн удаа эх дэлхийдээ заларч, гурван аугаа үйл давхацсан бөлгөө. Түмэн онгодын чуулган эх дэлхийн амин эрчмийг сэргээн нар, сар, эх дэлхийн амийг тэтгэж, их хайрын илчийг түгээн, уул усны амь болгоныг дахин сэргээсэн гэнэм. Мөн хөх толбот үрсийн амин эрчим, галыг сэргээн тэтгэж, үрс хойчоо гэгээрэлд хөтлөн, мартагдсан түүхээ сануулахын сацуу арга билгийг ойлгуулжээ. Басхүү хар тийрэн бүгдийн сүвлэн ирсэн нүх сүв болгоныг ховх татан эх дэлхийгээс гарган одуулж, хар сүнс тийрэнгүүдийг дахин үржихгүй, дахин түгэхгүй болговоо.

Саяхан Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр буюу хип хопын загалмайлсан эцэг Бааварыг тусгай камерт гавтай хорьж байгаад галд чухамдаа боодог шиг шарж орхив. Галд түлэгдсэн Баавар чадлаараа орилсоор байсан авч хяналтын камераа эзэнгүй орхисон шоронгийн хуягууд нэг хэсэгтээ ирсэнгүй. Энэ үйлдлийг санаатай гэж хэлэхэд хэцүү ч санамсаргүй гэхэд багадна. Нүүр, бөгс, нуруу нь одоо ч түлэнхий Баавар Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна.  

Үүнээс үүдэн өгүүлэхэд гал, ус хоёрыг басч болдоггүй юм гэнэлээ. Цагийн сайханд хоёр нөхөр эзгүй хээр тарвага боож идэхээр аргалын гал дээр сайрын чулууг мах шиг болтол нь улайсгаж. Нэг нь нүцгэн гараараа тулам руу хийдэг юм болж, монгол гутлынхаа түрийгээр алдаж орхиод сандрахдаа газар хэвтээд хөлөө дээш өргөн тийчлэхэд шарваар өмднийх нь шуумгаар дамжаад салтаанд нь очоод тогтчихжээ. Мэдээж ямар олигтой юм болов гэж. Энэ бол галаар наадсан нэгээхэн жишээ.

Том тоо дурдвал 2010-2012 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 494 удаагийн ой, хээрийн түймэр гарч,  8.2 сая га ой, бэлчээр шатаж, байгаль экологид 85 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гэтэл өнгөрсөн онд цагдаагийн байгууллага 138 ой, хээрийн түймрийн хэрэг зөрчлийг шалгаж, 78 түймрийн эзэн шалтгааныг илрүүлэн тогтоосон байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ