Илон Маскын Старлинк компани Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо
- Старлинк сервисес Монголиа компани үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө гардаж авлаа
- Үйлчилгээний төхөөрөмжийг суурилуулахад суурин дэд бүтэц, ямар нэг шугам холбох шаардлагагүй
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал зөвшөөрөл гардуулах ёслолд үг хэллээ
Өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Старлинк сервисес Монголиа компанид үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр алслагдсан сумуудыг интернэт сүлжээнд холбохоос гадна ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтууд татах зэрэг боломжийг нээж байна.
Space X компани хиймэл дагуулд суурилсан өндөр хурдтай интернэт үйлчилгээг дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлсэн. Тэдгээр орны тоонд Монгол Улс ийнхүү багтаж байна. Space X компанийн Засгийн газрын харилцаа хариуцсан ахлах менежер Ребекка Хантерийн зүгээс манай орныг чухал зах зээл хэмээн онцлов. Тэрбээр мөн үйлчилгээнд ашиглах хиймэл дагуулын тавгийг танилцууллаа.
Тус төхөөрөмжийг ажиллуулахад эрчим хүчний үүсвэр л хэрэгтэй аж. Хиймэл дагуулаас хүлээн авсан дохиог wifi рүүтэр интернэт сүлжээ болгон цацна. Тус хиймэл дагуулын тавгийг суурилуулахад суурин дэд бүтэц, ямар нэг шугам холбох шаардлагагүй бөгөөд маш хөнгөн, зөөвөрлөх боломжтойгоороо онцлог юм.
Тусгай зөвшөөрөл гардуулах ёслолд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцож үг хэллээ. Тэрбээр “Гадаадын компанид зөвшөөрөл олгож байгаа ч дотоодын зах зээлээ орхигдуулалгүй хамгаална” хэмээн ярив. Түүний хувьд энэ оны гуравдугаар сард Барселон хотод зохион байгуулагдсан хурлын үеэр Space X, OneWeb зэрэг нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай уулзаж, туршлага судалжээ.
Энэ цаг үетэй зэрэгцэн Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Уг хуулийн зарчмын гол заалтуудын нэг болох хуульд заагаагүй нөхцөл, шаардлагыг ямар ч салбарт нэмж шаардахгүй гэснийг үндэслэн өмнөх баримтлах чиглэлийг гуравдугаар сард хүчингүй болгов.
Мөн өнгөрсөн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахимаар уулзаж, санал солилцсон. Уулзалтын үеэр Илон Маск Старлинк компанид үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох, энэ тухай хууль эрх зүйн өөрчлөлт хийх зөвлөмж өгсөн байна.
Тус компанид үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөс гадна Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгов. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Старлинк сервисес Монголиа компанид гэрчилгээг нь гардуулж өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ