"Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нураах хүртэл арга хэмжээ авна"

Нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжуудад хяналт шалгалт хийсэн талаар Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээлэв. 

Тодруулбал 452 мянган нэгж талбар, 29 мянган барилга байгууламжид хяналт, шалгалт хийсэн аж. Шалгалтаар цахилгаан, дулааны шугамын дагуу 119,000 нэгж талбарт 13,000 барилга байгууламжийг зөвшөөрөлгүй барьсан зөрлийг илрүүлсэн байна. 

Энэ талаар "Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан ААН, иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна. Зарим барилга байгууламжийг нураах хүртэлх арга хэмжээг авна. Ингэхгүйгээр төлөвлөлтгүй газар олгодог, зөвшөөрөлгүй байшин барьдаг асуудал зогсохгүй юм байна.

Нэг талаас иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ учраас төр энэ асуудалд хатуурхахаас өөр аргагүй.

Зөвшөөрөлгүй газар олгосон төрийн албан хаагчдын судалгааг гаргана. Түүхчилсэн лавлагааг бид архиваас авна. Хэн гэдэг хүн зөвшөөрөлгүй газар олгосон юм бэ гэдгийг судалгаагаар гаргаж тавина.

Цаашдаа төлөвлөлтийн дагуу газар олгодог эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төлөвлөлтөөс гадуур олгосон бол тухайн төрийн албан хаагч хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан бол нураах арга хэмжээг авна. Ийм арга хэмжээ авахгүй бол асуудал шийдэлд хүрэхгүй нь ээ" гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэв.  

Мөн "Барилга байгууламж дээр шалгалт хийхийн зэрэгцээ үер усны хамгаалалт, хот суурин газрын инженерийн бэлтгэл ажилд шалгалт хийсэн байгаа. Энэхүү хяналт шалгалтад 18 аймгийн 139 сумыг хамрууллаа. Нийт 6,020 иргэн, 1,500 ААН хамрагдсан.

Зураг төсөлгүй, суурьшлын бүсийг тэлж, үерийн бүсэд барилга байгууламж барьсан 259 газар олголтын зөрчил байна. Үүнийг 303 иргэнд олгосон.

Үер усны хамгаалалтын дагуу хашаа хатгаж, байшин барьсан асуудлуудыг цэглэх арга хэмээг авхуулна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ